Налайхын уурхайг 1922 онд улсын мэдэлд авснаар Монгол Улсад орчин үеийн уул уурхайн салбар үүсэн хөгжиж, 95 жилийнхээ ойтой золгож байна. Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярын хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, дэд сайд Д.Загджав, Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нар болон УИХ-ын гишүүд, салбарын эрдэмтэн мэргэд, үе үеийн уурхайчдын төлөөлөл уригдан оролцож байна.
Хурлын эхэнд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар уул уурхайн салбарын хөгжилд хөдөлмөр бүтээл, хөлс хүчээ зориулж ирсэн үе үеийн уурхайчид, салбарын нийт хамт олон, эрдэмтэн судлаачид, уригдсан зочдод баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Тэрбээр “Манай уул уурхайн салбар эдийн засгийн тэргүүлэх салбар болон хөгжиж, экспортын нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувь, улсын төсвийн орлогын 25 хувийг тус салбар дангаараа бүрдүүлж байна” гэлээ. Мөн уул уурхай бол нийгмийн дэмжлэг, хөрөнгө оруулагчдын итгэл дээр тогтдог эмзэг салбар бөгөөд салбарын бодлого чиглэлийг зөв тодорхойлох, эрх зүйн орчныг ойлгомжтой, тогтвортой байлгах, мэдээллийн ил тод байдлыг хангах, иргэд олон нийтэд зөв ойлголт өгөх, бүх түвшинд нээлттэй хамтран ажиллах нь чухал болохыг онцоллоо.
Баярын хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар баярын мэндчилгээ илгээв. Мөн энэ үеэр салбарын шилдэгүүдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болсон юм.
Засгийн газраас уул уурхайн салбарын эрх зүйн орчныг сайжруулах замаар ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, түүхий эд бэлтгэгч орноос нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон болох зорилт тавин ажиллаж байна.
Монгол Улсын Уул уурхайн салбар үүсэж, хөгжсөний 95 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл хамтран хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн дунд “Хариуцлагатай бичил уурхай” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарласан билээ. Энэхүү уралдаанд манай сэтгүүлчид, телевизийн уран бүтээлчид идэвхтэй оролцож нийт 20 гаруй бүтээл ирүүлсэн байна. Өнөөдөр бид эдгээр бүтээлээс шилдэг бүтээлд шагнал гардуулах гэж байна.
Энэ уралдаан бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хариуцлагатай үйл ажиллагаа явуулж байгаа бичил уурхайчдын сайн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хариуцлагатай бичил уурхайг төлөвшүүлэх зорилготой юм.
Ингээд шилдэг телевизийн нэвтрүүлгээр:
1-р байр:“Дэвшилтэт бичил уурхай” нэвтрүүлгээр 25-р суваг телевизийн сэтгүүлчБ.Даваахүү
2-р байр: Хасах градус-“Бичил уурхайн сайн жишээ” нэвтрүүлгээр TV-9 телевизийн сэтгүүлч Д.Ганзориг
3-р байр:”Өнгө төрх” нэвтрүүлгээр ETV телевизийн сэтгүүлч С. Шүрэнцэцэг
Шилдэг нийтлэлээр:
1-р байр: “Бичил уурхайн найдвартай тулгуур” нийтлэлээр Засгийн газрын мэдээ сонингийн сэтгүүлч З. Цэлмэг
2-р байр: “Нинжа нийгэмшиж Нобелийн шагналыг “үйлдвэрлэдэг” болов” нийтлэлээр acca.mn сайтын сэтгүүлч Т. Жанцан
3-р байр: “Байгаль ээжийн хишгийг хүртэгсэд буюу бичил уурхайчдын амьдралыг сурвалжлахуй” info.mn сайтын сэтгүүлч Ц. Алдармаа нарын бүтээл тус тус шалгарсан байна.