Уул уурхайг шинэ хандлагаар харъя
2017-08-21

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд бүх аймгийг хамруулсан дөрвөн чуулган зохион байгуулахаар төлөвлөсний эхнийх нь Орхон аймгийн төв Эрдэнэт хотод болж өндөрлөлөө. Төлөөлөгчид салбарынхаа өчигдөрийг дүгнэж, өнөөдрийг ярилцаж, маргаашийг төлөвлөхөөр цугласан аж.

Төвийн бүсийн чуулга уулзалтыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Эрдэнэт үйлдвэр ХХК хамтран зохион байгуулж, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Төв, Архангай, Өвөрхангай аймгуудын удирдлага, төлөөлөгчид, уурхайчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн болон аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, БОАЖЯ, ЭХЯ, ЗТХЯ, ТЕГ, МХЕГ-ын холбогдох албаны хүмүүс оролцов.

Найман аймгийн удирдлага, нийт 400 гаруй зочид, төлөөлөгчид оролцсон чуулганы хаалтын нэгдсэн хуралдааныг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн удирдаж, чуулганаас гарах зөвлөмжийг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал оролцогчдод уншиж танилцууллаа.

Уг зөвлөмжид “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгагдсан хуулиудын багц, хууль хоорондын давхардлыг арилгах, салбарын эрх зүйн орчныг урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой, өрсөлдөх чадвартай байлгахад анхаарч ажиллах, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлого, Ашигт малтмалын тухай хууль, Цөмийн энергийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийг сурталчлан таниулах, Эрдэс баялгийн бүтээгдэхүүний олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн тулгуур уул уурхайн салбарын хөгжлийн асуудлаар улс төржихгүй байх, Компаниудыг чадавхижуулах, ялангуяа хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх замаар ил тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, Төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг сайжруулах, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагын зөвшилцөл тогтолцоог бүрдүүлэх, Газрын хэвлийн баялгийг хаягдал, бохирдол багатайгаар иж бүрэн ашиглах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг нэн тэргүүнд анхаарах, Эрдэс баялгийн салбарын мэдээллийг олон нийтэд үнэн зөв хүргэх, Шинэ технологи, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, Орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, цаашид дэд бүтцийг хөгжүүлэх, Байгаль орчныг хамгаалах, Орон нутгаас хүнд үйлдвэрийн чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой төслийн саналыг бодлогын баримт бичигт тусгах, Мэргэжлийн ур чадвар, түвшинг дээшлүүлэх, Салбар үүсгэх том төслүүдийг хэрэгжүүлэх, Инновацийн идэвхтэй бизнес үүсэх угтвар нөхцлийг бий болгох, Төвийн бүсийн хөгжлийг уул уурхайн салбарын хөгжилтэй уялдуулан бүс нутгийн эдийн засгийн чадавхыг сайжруулахад анхаарал тавьж ажиллах” зэрэг 16 уриалга, саналыг тусгасан байна.

Энэхүү зөвлөмжийг эмхэтгэн хэвлүүлж, цаашид Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон бусад холбогдох яам, газруудын бодлогын баримт бичигт баримтлан ажиллах шийдвэрийг Төвийн бүсийн чуулган гаргалаа.

Сэтгэгдэлүүд