ТОГТВОРТОЙ БИЧИЛ УУРХАЙ ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ ХУРАЛ АМЖ...
2018-03-05

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй Тогтвортой бичил уурхай төслийн Удирдах хорооны хурал 2018 оны 2 сарын 14-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хурлын танхимд боллоо. Төслийн Удирдах хорооны дарга, УУХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Элбэгзаяа хурлыг нээж, хөтөлбөрийг танилцууллаа.

 

"2017 он бол өөрчлөлт, амжилт ихтэй жил байлаа. 2018 онд эдгээр амжилтуудыг үргэлжлүүлнэ хэмээн найдаж байна. 2018 он төслийн хувьд хаалтын жил байсан боловч нэг жилээр сунгаж, 2019 онд хамтрагч талууддаа өмнө нь хүрсэн ололт амжилт, мэдлэгээ дамжуулж, төслөө дуусгах нь зүйтэй гэж үзсэн. Мөн төсөл дуусаж байгаатай холбогдуулан бид та бүхний оролцоотой төслийн Хаалтын буюу Тогтвортой байдлын стратеги/төлөвлөгөөг боловсруулсан билээ. Швейцарын хөгжлийн агентлаг нь бичил уурхайн салбарт 10 гаруй жил ажиллаж, энэ салбарт их ахиц дэвшил гарсан гэж үзэж, анх хамтдаа эхлүүлсэн ажлаа хамтрагч байгууллагууддаа шилжүүлэхэд бэлэн болоод байна. Өмнө нь хүрсэн амжилтуудаа бататгаж хамтран ажиллацгаая" хэмээн ШХА-ийн Хамтын ажиллагааны дэд захирал Илариа Дали нээлтийн үгэндээ онцлон тэмдэглэлээ.

Ингээд төслийн 2017 оны үйл ажиллагаа, үр дүн болон 2018 оны ажлын төлөвлөгөө, төсвийг төслийн зохицуулагч Б.Алтанбагана танилцуулаа. Төслийн Удирдах хороонд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, ХНХЯ-ны Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргал, Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа, ХЭҮК-ын ажлын албаны дарга Ч.Алтангэрэл, АМГТГ-ын Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн дарга Д.Хангай, АМГТГ-ын Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Баттулга, МХЕГ-ын Геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга С.Батмөнх-Эрдэнэ, Б.Наранцогт МБУНДХ-ын Тэргүүн, ШХА-ийн Хамтын ажиллагааны дэд захирал Илариа Дали, ШХА-ийн Хөтөлбөрийн зохицуулагч Н.Эрдэнэсайхан болон нарийн бичгийн дарга УУХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Хулан, Тогтвортой бичил уурхай төслийн зохицуулагч Б.Алтанбагана болон төслийн мэргэжилтнүүд оролцлоо. Ингээд хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Тогтвортой бичил уурхай төслийн 2018 оны ажлын төлөвлөгөөг баталлаа. Хариуцлагатай бичил уурхайн төлөө хамтран ажиллаж байгаа байгууллагууддаа баярлалаа!

Эх сурвалж: www.sam.mn

Сэтгэгдэлүүд