Тогтвортой бичил уурхай төслөөс МХЕГ-т хяналтыг сайжруулахад дэмжлэг үзүүллээ
2018-08-19

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА)-ийн хамтран хэрэгжүүлж байгаа Тогтвортой бичил уурхай төсөл (ТБУТ)-өөс Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт (МХЕГ) хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны газар зүйн байршлыг тогтоох, зөрчил дутагдлыг баримтжуулах ажил үүргээ гүйцэтгэх техникийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сүүлийн үеийн дрон, программ хангамж болон GPS төхөөрөмжийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гардуулан өглөө. Уг арга хэмжээнд МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр, ШХА-ийн Хамтын ажиллагааны газрын зөвлөх Маркус Валдвогел, ТБУТ-ийн зохицуулагч Б.Алтанбагана нар болон албаны бусад хүмүүс оролцов.

2017 онд Монгол Улсын Засгийн газрын151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” журам шинэчлэн батлагдсан нь бичил уурхай эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хийгдсэн дорвитой алхам болсон.

Тус тогтоолоор журмын хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг МХЕГ-ын даргад үүрэг болгосон байдаг.Иймд ТБУТ-ийн хэрэгжилтийн хүрээнд МХЕГ-ын болон бичил уурхай бүхий аймгуудын Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч нарын бичил уурхайн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, мониторинг хийх техникийн болон мэргэжлийн чадавхыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ШХА болон МХЕГ-ын хооронд 2018 оны 3 сарын 22-ны өдрөөс гэрээ байгуулж хамтран ажиллаж байгаа.

Гэрээний хүрээнд:

  • Бичил уурхайн чиглэлээр олон нийтэд мэдлэг, мэдээлэл, сурталчилгаа хийх, сэрэмжлүүлэг өгөх,
  • Аймаг, сумдын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч болон сум, дүүргийн байгаль орчны улсын байцаагчдын журмын хэрэгжилтэд хяналт тавих чадавхыг бэхжүүлэх 3 бүсийн сургалт зохион байгуулах,
  • Бичил уурхайн үйл ажиллагаа болон түүнд тавьж буй хяналтын ажлын үр дүнгийн талааролон нийтэд сурталчилж, хууль бус ашигт малтмал олборлогч иргэд, аж ахуйн нэгжид хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд ажиллаж байна
     

Гэрээний хэрэгжилтийн хүрээнд Тогтвортой бичил уурхай төслөөс МХЕГ болон бичил уурхай бүхий 3 аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарыг дрон, програм хангамж, GPS-ээр хангаж байгаа нь бичил уурхайн хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт шалгалт, мониторингийн ажлын үр дүнг нэмэгдүүлэх, ашигт малтмал хууль бусаар олборлож байгаа үйл ажиллагааг илрүүлэх, мэдээллийг баримтжуулах, улмаар таслан зогсооход чухал хувь нэмэр үзүүлнэ гэж талууд үзэж байна.

Эдгээр төхөөрөмжийг бичил уурхай ихээр төвлөрсөн аймгуудын Мэргэжлийн хяналтын газруудад хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор ашиглах юм.

Сэтгэгдэлүүд