Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА) хамтран Тогтвортой бичил уурхай төслийг (ТБУТ) 2005 оноос хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжилтийн 4-р үе шатны хүрээнд алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, бичил уурхайгаар олборлосон ашигт малтмалын орон нутгийн, бүсийн болон үндэсний хэмжээнд эдийн засгийг бэхжүүлэх, амьжиргааны түвшинг сайжруулахад анхаарч ажиллаж байна.
Төслийн хүрээнд 2013 оноос Стандарт, хэмжил зүйн газрын харьяа Үнэт металлын сорьцын хяналтын газар (ҮМСХГ)-тай хамтарч тус газрын техникийн хүчин чадлыг сайжруулах болон боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлээр ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээндҮМСХГ нь бичил уурхайгаар олборлосон алтыг хайлуулах, сорьцлох, албан ёсны зах зээлд борлуулахад болон шудрага олборлолтын зах зээлд нэгдэн ороход дэмжлэг үзүүлэн ажиллана.
ҮМСХГ нь 10кг хүртэлх алт хайлуулах зуухтай бөгөөд бага хэмжээний алтыг хайлуулахад зардал өндөр гардаг байна. Иймд ШХА-ийн Тогтвортой бичил уурхай төсөл нь 47 сая төгрөгийн өртөг бүхий “TopCast” компанийн Итали улсад үйлдвэрлэсэн 3 кг хүртэлх хэмжээний алт хайлуулах индукцийн зуухыг дагалдах хэрэгсэлийн хамтаар ҮМСХГ-т хүлээлгэн өгч байна. Энэхүү зуухыг ашигласнаар бага хэмжээний олборлолт явуулдаг бичил уурхайчид болон аж ахуйн нэгжүүдэд алтны сорьц тогтоох үйлчилгээг үзүүлэхэд дэмжлэг болно.
Зуух хүлээлгэн өгөх арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх С. Янжинсүрэн, Стандарт, хэмжил зүйн төвийн дарга Г. Гантөмөр, Швейцарийн ЭСЯ-ны Консулын хэлтэсийн нэгдүгээр нарийн бичгийн дарга, ШХА-ийн Хамтын ажиллагааны дэд захирал Илария Дали, ТБУТ-ийн Үндэсний зохицуулагч Б.Алтанбагана болон бусад албаны хүмүүс оролцлоо.
“Бидний хамтын ажиллагаа цаашид улам батжин бэхжиж, алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, бичил уурхайчидад түргэн шуурхай алтны сорьц тогтоох үйлчилгээ үзүүлнэ гэж найдаж байна” хэмээн хатагтай Илария Дали хэллээ.