Шинэчилсэн журам бичил уурхайчдад таатай орчин нөхцөлийг бий болголоо
2017-08-21

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл болон бусад бичил уурхайн салбарын хамтрагч байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” шинэчлэн батлагдлаа.

2010 онд батлагдсан өмнөх журам нь Монгол Улсын бичил уурхайн салбарыг эрх зүйн хувьд зохицуулж байсан боловч хэрэгжилтийн явцад хүний эрхийн асуудлуудыг тусгаагүй, бусад хууль тогтоомжтой зөрчилдөх, техникийн хувьд шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байсан билээ.

Шинэчлэгдсэн журмыг бичил уурхайн салбарын оролцогч талууд өргөн хүрээний олон удаагийн хэлэцүүлгээс гарсан санал, зөвлөмж, хуримтлуулсан практик туршлага, сургамж дээр үндэслэн боловсруулсан боловсруулсан билээ. Журмаар бичил уурхайд чиглэсэн төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг сайжруулах зорилготой салбар хоорондын зөвлөл байгуулагдана. Түүнчлэн аймгийн Засаг даргын үүрэг, оролцоог нэмэгдүүлж өгсөнөөр бичил уурхайчдад тухайн аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох боломж олгож, улмаар бичил уурхайд ашиглах техникийн хүчин чадлыг долоо дахин нэмэгдүүлж, ашигт малтмал олборлох гэрээг тухайн талбай дахь ашигт малтмалыг дуусах хугацаагаар байгуулах боллоо. Шинэчлэгдсэн журам бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу нөхөн сэргээлт хийхийг бичил уурхайчдад үүрэг болгож ингэснээр тэдний байгаль орчны хариуцлагыг дээшлүүлэх юм. Энэхүү байгаль орчны нөхөн сэргээлтийн аргачлалыг Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр боловсруулсан билээ.

Швейцарийн хөгжлийн агентлаг, Тогтвортой бичил уурхай төслийнзүгээс Монгол Улсын Засгийн газарт болон Монгол Улсын бичил уурхайн салбарын эрх зүйн орчныг улам боловсронгуй болгоход гол үүрэг гүйцэтгэсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд талархал илэрхийлж байна. Шинэчлэн баталсан энэхүү журам нь Монгол Улсад ядуурлыг бууруулахад дорвитой хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэлтэй байна.

Сэтгэгдэлүүд