Сэлэнгэ аймагт "Бичил уурхайн зөвлөгөөн" амжилттай болж өндөрлөлөө
2018-04-03

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо аймгийн “Бичил уурхай эрхлэгчдийн аймгийн зөвлөлгөөн”-ийг анх удаа зохион байгууллаа. Өнөөдөр болсон зөвлөлгөөн Сэлэнгэ аймгийн бичил уурхай эрхлэгчдийн газрыг тусгай хэрэгцээнд авах асуудлыг хэлэлцэх аймгийн ИТХ-ын өмнө болж буйгаараа онцлог боллоо.

Тус зөвлөлгөөнд оролцогч Бугант тосгоны “Баян Сэлэнгэ ундарга” ТББ-ын тэргүүн Д.Эрдэнэчимэг “Засгийн газраас хэрэгжүүлж буй 151-р тогтоолоор манай аймагт хууль эрх зүйн орчин нь бүрдэж, дүрэм журмаараа ажиллах бүрэн боломж нээгдэж байгааг бид харж байна. Энэ хууль дүрмийг бид олон жилийн хугацаанд хүлээсний эцэст батлагдаж, бидэнд өгөөжөө өгөх журам болно гэдэгт итгэж байна. Манай тосгоны нөхөрлөлүүд нэгдсэн зохион байгуулалтад ороод хоёр жил гаруй хугацаа боллоо. Бид татвараа төлөх, нөхөн сэргээлт хийх ажлуудаа сайн хийдэг. Ажлын байр гарч байна, хүмүүсийн орлого нэмэгдэж байна. Иргэд орлогын эх үүсвэртэй болж амьдрал ахуйгаа өөд татаж, сум орон нутагтаа сэтгэл хангалуун сайхан амьдрах нөхцөл бололцоог энэ журмаар хангаж өгч байна.

Бид 2015-2016 онуудад 51 нөхөрлөлөөр 88 га газрыг хүлээж аваад, эргүүлээд 87 га газар болгож хүлээлгэж өгсөн. Мөн сумын төсөвт ихээхэн орлогыг төвлөрүүлж чадсан. Нийгмийн хариуцлагын хүрээнд нийтдээ 60-аад сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтуудыг хийсэн” гэлээ. Зөвлөлгөөнийг аймгийн ЗДТГ, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулсан юм. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа бичил уурхай эрхлэгчдэд Монгол Улсын Засгийн газраас барьж байгаа бодлого, холбогдох хууль, журмыг сурталчлах, хэрэгжүүлэх, бичил уурхай эрхлэгчдийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү “Бичил уурхай эрхлэгчдийн аймгийн зөвлөлгөөн”-ийг зохион байгуулжээ. Зөвлөлгөөнд бичил уурхайтай сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, холбогдох агентлагуудын удирдлага, мэргэжилтнүүд, бичил уурхай эрхлэгчдийн төлөөлөл оролцсон юм. Уг зөвлөлгөөнд аймгийн бичил уурхай эрхлэгчдийн өнөөгийн байдал, тэдний сайн туршлагыг хуваалцах, зөвлөл байгуулах зэрэг олон асуудлыг хэлэлцлээ. Тус зөвлөлгөөнд оролцогчдод хандаж, аймгийн Засаг дарга Ш.Оргил “Бичил уурхай эрхлэхэд тавигддаг шаардлагыг бүрэн хангасан, сумынхаа Засаг даргын зөвшөөрлийг авсан ийм иргэн, хоршоолол бүлгүүдэд ажиллах эрхийг нь өгнө. Бид нэг дүрэмтэй, нэг журмаар явах ёстой. Сумтайгаа гэрээгээ хийсэн ч аймгаас зөвшөөрөл аваагүй бол түүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Өнөөдөр аймгийн тусгай хэрэгцээнд авах гэж байгаа газруудын 90 гаруй хувьд эвдэрсэн газрууд байгаа. Иймээс ухаад юм гарсан гараагүй хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцлагаа үүрэх л ёстой. Аймгаас хяналт тавина. Нөхөн сэргээлт хийгээгүй тохиолдолд дахиад энэ асуудлаар ярихгүй. Хамгийн гол нь би сумдын дарга нартаа итгэж, итгэл хүлээлгэж байгаа шүү” хэмээн хэллээ. Харин аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа “аймгийн хурал бүрэн эрхийнхээ хугацаанд өнөөдрийг хүртэл уул уурхайн салбарт ямар нэгэн шалгалт хийх, үүнтэй холбоотой шийдвэр гаргаагүй байгаа. Ийм ч учраас Засгийн газраас баталсан журмын дагуу Сэлэнгэ аймгийн ИТХ, бичил уурхай эрхлэгчдийн газрыг тусгай хэрэгцээнд авах үүрэг хүлээж байгаа. Энэ үүргээ ирэх сарын 5-ны өдөр хуралдах хурлаараа хэрэгжүүлнэ.

Бичил уурхай эрхлэгчдийн хууль зөрчөөгүй тэр газрууд дээр тусгай хэрэгцээнд авах асуудал шийдэгдэнэ. Бид бичил уурхай эрхлэгчдэд зориулсан зөвлөлгөөн, сургалт, семинарыг олон удаа хангалттай хийсэн. Иймд та нөхөд хангалттай мэдлэг ойлголттой болсон байгаа. Хулгай хийгээгүй, хууль зөрчөөгүй бол бүх үйлдлийг дэмжинэ. Олон хүнийг ажлын байраар хангах бололцоо бүрэн байгаа” гэв. Мөн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс зөвлөлгөөнд хамтран оролцож эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдахын ач холбогдол, даатгалын сангаас олгох тусламж үйлчилгээний төрлийн талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн Улсын бүртгэлийн хэлтэс, аймгийн ОБГ зэрэг байгууллагууд оролцож холбогдох мэдээллийг өгсөн. Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ оны гуравдугаар сарын байдлаар Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоонд 8 төрийн бус байгууллага бүртгэгдэж, аймгийн хэмжээнд бичил уурхай эрхлэгч 1259 иргэн байгаа ажээ. Мөн бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч буюу зохион байгуулалтад орсон Мандал сумын 48 нөхөрлөл 416 иргэн, Орхонтуул суманд 12 нөхөрлөл 120 иргэн, Хүдэр суманд нэг нөхөрлөл 60 иргэн, Баянгол суманд 14 нөхөрлөл 58 иргэн, Ерөө суманд 121 нөхөрлөл 605 иргэн байна. Эдгээр нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151-р тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хүрээнд бүртгэгдээгүй нөхөрлөлүүд байгаа ажээ.

Сэтгэгдэлүүд