Монголын бичил уурхайн төлөө цохилох Зимбабве хүний зүрх
2017-07-06

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Швейцарийн Холбооны Улсын Гадаад хэргийн яамны харьяа Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа Тогтвортой бичил уурхай төслийн зөвлөх Пейшинс Синго Монгол Улсад есөн жил ажиллаад буцаж байна.

Пейшинс бол Зимбабве Улсын Уул уурхайн сургуулийг Уул уурхайн инженерийн бакалавр болон АНУ-ын Луйзиана мужийн Нью Орлеанс хотын Делта олон улсын их сургуулийг магистр зэрэгтэй тус тус төгссөн тэрээр Ботсвана, Судан болон Нигери улсуудад уул уурхайн чиглэлээр ажилласан туршлагатай нэгэн.

Пейшинс Синго нь 2008 оны 7 сараас одоог хүртэл Монгол Улсад хэрэгжиж байгаа Тогтвортой бичил уурхай төслийн менежер, захирал, зөвлөхөөр тус тус ажиллаж ирсэн бөгөөд тэрээр Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Техникийн болон санхүүгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжийн талаарх Ерөнхий хэлэлцээр”-ийн хэрэгжилтийн хүрээнд хэрэгжүүлж байгаа Тогтвортой бичил уурхай төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, төслийн багийг мэргэжлийн болон менежментийн удирдлагаар хангаж ажиллахын зэрэгцээ төслийн хэрэгжилтийн хяналт, мониторинг, тайлагнал, төслийг Засгийн газрын болон донор байгууллагуудын үйл ажиллагаатай уялдуулах, хамтын ажиллагаа бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм.

Тэрээр Монгол Улсад ажиллах ажиллах хугацаандаа бичил уурхайн эрх зүйн орчныг бүрдүүлэх, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зохицуулах, албажуулах, мөнгөн усгүй хүдэр баяжуулах технологи нэвтрүүлэх, бичил уурхайн үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг хэрэгжүүлэх, нэвтрүүлэх, бичил уурхайчдын хүний эрхийн асуудлыг анхаарлын төвд авчрахад онцгойлон анхаарал хандуулж, олон улсын туршлагаас хуваалцаж бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшний байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудтай нягт хамтран ажиллаж байсан. Тэрбээр Монгол Улсад байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хөгжүүлэх, эрдэс баялгийн нөөцийг тэгш хуваарилах, хариуцлагатай олборлолтыг төлөвшүүлэх замаар орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад бүх мэдлэг чадвараа дайчлан, үр бүтээлтэй ажилласан.

Пейшинс Синго нь Тогтвортой бичил уурхай төсөлд ажилласан цагаасаа эхлэн төслийн үр дүнг зорилтот бүлэгт хүргэхэд онцгой анхаарч, орон нутгийн засаг захиргаа, бичил уурхайчид, бичил уурхайчдын байгууллагуудтай холбоотой ажиллаж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж байсан.

Түүний оруулсан хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газар үнэлж Хүний эрхийн үндэсний комиссын дээд шагнал “Хүний эрх” хүндэт тэмдгээр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Шилдэг уурхайчнаар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны жуухаар, Ашигт малтмал газрын тосны газрын даргын нэрэмжит хүндэт жуухаар тус тус шагнагдсан.

Пейшинс Синго нь Монгол Улсад бичил уурхайн хууль эрх зүйн орчин бүрдэж, бичил уурхайчид нөхөрлөлийн зохион байгуулалтад орж, бичил уурхайчдын үндэсний хэмжээний байгууллага байгуулагдаж, бичил уурхайчид олборлосон талбайдаа нөхөн сэргээлт хийдэг, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай олборлолт явуулах арга барилд суралцаж, бичил уурхайчид, төрийн төв болон орон нутгийн байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр тодорхой хэмжээний ахиц дэвшил бий болгоход асар их хувь нэмрээ оруулсан юм.

Сэтгэгдэлүүд