“Монгол алт” аяныг эхлүүллээ
2017-08-08

Монголбанк наймдугаар сарын 1-ээс арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэлх гурван сарын хугацаанд “Монгол алт” аяныг хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү аяны хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдийг хууль тогтоомжийн дагуу алтыг Төв банкиндаа худалдах, олон нийтийн дунд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран алт худалдан авах үйл ажиллагааны талаар сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, холбогдох хууль, журмыг танилцууллаа.

Монголбанк алтыг 2016 оны арванхоёрдугаар сараас эхлэн Лондонгийн үнэт металлын биржийн хамгийн сүүлд зарласан үнэ ханшаар авдаг болжээ. 2014 оноос эхлэн АМНАТ-ийн хувь хэмжээг 68 хувиас 2.5 хувь болгон бууруулснаар алт тушаалт эрс өссөн. 2013 онд АМНАТ 68 хувьтай байхад ердөө хоёрхон иргэн 5.6 кг алт Монголбанкинд тушааж байсан бол дараа жил нь 130 иргэн 3.2 тонн алт Монголбанкинд тушаасан байна.

Гэвч давхардсан олон хяналт шалгалт, сорьцлуулахад ачаалал өндөр, ашигт малтмалын лиценз шинээр авахад хүндрэл учирдаг, санхүүжилт хөрөнгө оруулалт хомс зэрэг бэрхшээлүүд алтны салбарт байсаар байгааг Монголбанкны Эрдэнэсийн сангийн ахлах эдийн засагч Д.Алтансүх тайлбарласан. Монголбанк хөдөө орон нутагт нийт 17 салбартай ч сорьцын хяналт байхгүйгээс алт худалдан авах боломжгүй байдаг ажээ. Тиймээс орон нутагт сорьцлох ажлыг нь нэн тэргүүний зорилтын нэг болоод байгаа.

Арилжааны банкууд багагүй хэмжээний алт худалдан авдаг болсон байна. Банкууд алтыг биетээр нь худалдан авахын сацуу барьцаалан зээл олгож эхэлжээ. Барьцаалсан алтны 80 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг харьцангуй баг хүүтэйгээр, гурав хүртэлх сарын хугацаатай зээлж байгаа гэнэ. Мөн алтыг тодорхой хугацаанд хадгалах үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Алтаа хадгалуулж буй хүмүүст зориулан ханшийн хеджинг хэмээх нэгэн шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн хэмээн Голомт банкны ажилтан Г.Мөнх-Эрдэнэ мэдээлэв.

Шударга олборлолтын эко алт буюу нэгэн нэр томъёог дэлхий нийтээрээ хэрэглэж эхэлсэн. Гарал үүсэл нь тодорхой, хариуцлагатай уул уурхайгаас татвар төлбөрөө төлсөн экспортолж буй алтыг “шударга олборлолтын эко” хэмээн тодотгож байна. Дэлхийн нэртэй брэндүүд шударга олборлосон шударга олборлосон эко алтаар үйлдвэрлэл эрхлэхийг эрхэмлэх болсон. Чинээлэг давхаргынхны харааг булаасан чамин ганган эдлэл үйлдвэрлэгч Chopard, Gucci-гийнхэн шударга олборлолтын эко алтаар бүтээгдэхүүн гаргадаг байна. Олны танил Нобелийн шагналыг ч мөн адил шударга олборлолтын эко алтаар бүтээж буй гэсэн сайн жишиг хэдийнээ тогтжээ. Тэгвэл манай улс ч шударга олборлолтын эко алт экспортлоод эхэлсэн. Одоогоор энэ алтнаас нэг кг-ыг экспортолсон ч Азидаа шудрага олборлолтын эко алт экспортлогч хоёр дахь улс болсон.

Алт, мөнгөөр үнэт эдлэл үйлдвэрлэгч дархчуудад зориулж, мөнгөжсөн цэвэр алт, мөнгийг гадаадаас импортлон оруулахаар төлөвлөсөн байна. Ингэснээр уран дархчууд мөнгөжсөн цэвэр алт, мөнгөөр үйлдвэрлэл эрхэлж, хэрэглэгчид ч найдвартай бүтээгдэхүүн худалдан авах боломж бүрдэнэ гэдгийг Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал Эрдэнэтуяа хэлсэн юм.

Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийг уриалах, тэднийг холбогдох мэдээллээр хангахын сацуу Монголын алтыг хил гаалиар хууль бусаар гаргах ажиллагаа зогсохгүй байгаатай холбоотойгоор Монголбанкны худалдан авч буй алтны үнийн талаар болон бусад мэдээллийг иргэд, байгууллагад хүргэх, таниулахыг зорьж байна.

“Монгол Алт” аяныг хэрэгжүүлэхэд Монголбанк болон холбогдох бусад байгууллагуудад ШХА-ийн Тогтвортой бичил уурхай төсөл дэмжиж ажиллана.

Сэтгэгдэлүүд