Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Үндэсний аврах бригад, Налайх дүүрэг дэх Уул уурхайн аврах анги, Нийслэлийн гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, Нийслэлийн аврах ангиуд зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.
Үндэсний аврах бригад нь улсын хэмжээнд усны осол, химийн осол болон бусад гамшиг ослын төрлөөр үүрэг гүйцэтгэдэг тул алба хаагчид химийн ослын үед ашиглагдах хувцас хэрэгсэл, химийн бодисын шинж чанар, ямар бодис болох талаар танихад ашиглагдах багаж хэрэгсэлтэй танилцаж, ашиглах дадлага хийлээ.
Налайх дүүрэг дэх Уул уурхайн аврах анги нь Монгол Улсын хэмжээнд ганцхан байдаг уул уурхайн аврах ажиллагаа явуулдаг анги юм. Иймд Мандал сумын алба хаагчид уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, техник технологийн болон хүний үйл ажиллагаатай холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, тухайн салбарын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал үүссэн, голомтод эрэн хайх, аврах хор уршгийг арилгах ажиллагааг зохион байгуулах зэрэг арга хэмжээний туршлага судлав.
Сэлэнгэ аймгийн Мандал сум нь хүн ам, газар нутгийн хувьд том сумдын нэг бөгөөд уул уурхайн үйл ажиллагаа идэвхтэй явагддаг тул Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид энэхүү дадлага олгох арга хэмжээнд хамрагдсанаараа гамшиг осол, уул уурхайн гүнд эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулахад бодит туршлага судлах боломж олгосон, үр дүн, ач холбогдол өндөртэй байсныг алба хаагчид онцлон дурдав.
Мандал сум нь planetGOLD Монгол төслийн зорилтот бүс нутагт хамаардаг тул гамшгаас сэргийлэх, авран хамгаалах, уул уурхайн аврах ажиллагааны чиглэлээр туршлага судлах энэхүү үйл ажиллагааг дэмжин ажилласандаа талархалтай байна.