Монгол Улсын Засгийн газрын зүгээс уул уурхайн салбар нь үндэсний тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгааг “Уул уурхай, эрдэс баялаг, металл, тогтвортой хөгжлийн засгийн газар хоорондын форум (IGF буюу ЗГХФ)” байгууллагаас явуулсан “Уул уурхайн бодлогын орчны үнэлгээ” тогтоожээ.
Үнэлгээгээр Монгол улсын уул уурхайн салбарыг 6 чиглэлээр үнэлж дүгнэсэн байна.
Эрх зүйн ба бодлогын орчин |
Дундаж |
Санхүүгийн үр өгөөжийн оновчтой байдал |
Дундаж |
Нийгэм, эдийн засгийн үр өгөөжийн оновчтой байдал |
Дундаж |
Байгаль орчны менежмент |
Доогуур |
Уурхайн дараах шилжилт |
Доогуур |
Гар аргаар олборлолт, бичил уурхай |
Дундаж |
Дээрхээс байгаль орчны хамгаалал, уурхайн хаалтын асуудлыг илүү сайн зохицуулах шаардлагатай гэсэн гаргалгаа тод харагдаж байна. Тайлангийн бүрэн эхийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн тухай шинэ хууль зэрэг эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчны голлох баримт бичгүүдийг салбарын яамны зүгээс боловсронгуй болгохоор ажиллаж байна. Салбарын хууль тогтоомжийн дутагдалтай талуудыг тогтоож, олон улсын сайн туршлагыг тусгасан эрх зүйн орчныг бүрдүүлж, улмаар тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ЗГХФ-ыг Уул уурхайн бодлогын орчны үнэлгээ хийлгэхээр урьсан байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж “Монгол Улсын уул уурхайн хууль тогтоомж, бодлогын орчны сул талыг илрүүлж, улмаар сайжруулах бодит арга замуудыг тодорхойлоход дөхөм болох энэхүү үнэлгээг хийж, чадавх бэхжүүлэх үр дүнтэй сургалт-семинаруудыг зохион байгуулсан ЗГХФ байгууллагад талархал илэрхийлье. ЗГХФ байгууллагатай бид цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, энэ жилийн 10 дугаар сард болох жил бүрийн уламжлалт уулзалтад оролцох болно. ЗГХФ байгууллагатай бид хамтран ажиллаж байгаа нь өнөөгийн болон ирээдүйн шаардлагыг хангасан хариуцлагатай, инновацид суурилсан уул уурхайн салбарыг удирдлагаар хангахад дэмжлэг болдог” гэв.
Уул уурхайн бодлогын орчны үнэлгээ нь Монгол Улсын уул уурхайн салбарын хууль тогтоомж, төрийн бодлого, ЗГХФ байгууллагын жишиг Уул уурхайн бодлогын орчныг хэрэгжүүлэх чадавхийг үнэлсэн. Үнэлгээний ажлын хүрээнд өргөн хүрээтэй судалгаа хийж, Монгол дахь хувийн хэвшил, олон улсын, иргэний нийгмийн, засгийн газрын байгууллагуудын олон тооны төлөөлөгчидтэй уулзаж, том, жижиг хэмжээтэй уурхайнуудын үйл ажиллагаатай танилцах 12 өдрийн орон нутгийн томилолтоор ажилласан. Тогтвортой хөгжлийн стратегийн бүлэг (SDSG) болон Улаанбаатар хотод төвтэй Тогтвортой хөгжлийн судалгааны төв байгууллагууд хамтран 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд энэхүү үнэлгээний ажлыг гүйцэтгэжээ.
Үнэлгээний явцад Монгол Улсын Засгийн газрын урилгаар ЗГХФ байгууллагаас ашиг шилжүүлэх, ашиг хүртэх, нийгэм, эдийн засгийн үр ашгийг оновчтой болгох, уурхайн хаалт зэрэг сэдвээр чадавх бэхжүүлэх цуврал сургалт-семинарыг зохион байгуулж, дэмжлэг үзүүлсэн байна.
2017 оны 3 дугаар сард дотоодын болон олон улсын нэр хүндтэй шинжээчид, байгууллагуудын удирдан явуулсан эдгээр сургалт-семинаруудад яамдууд, орон нутгийн захиргааны байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын 80 гаруй төлөөлөгч оролцжээ.
Монголд үнэлгээ хийх ЗГХФ-ын багийн гишүүн Кристи Дисней Брукнер “Монгол Улс санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон учраас төсвийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд уул уурхайн салбарын хариуцлагатай хөгжлийг эрчимжүүлэхийг зорьж байгаа. Санхүүгийн хүндрэлтэй байгаа хэдий ч Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны удирдлагууд урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжих уул уурхайн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход хүчин чармайлт гаргаж байгаа нь сайшаалтай хэрэг” хэмээн өгүүлсэн байна.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улсын олборлох салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт ихээр нэмэгдсэн боловч сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт эрс саарсан. Засгийн газрын зүгээс эдийн засгийн өсөлтийг хангахын зэрэгцээ НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтууд, Парисын Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын оруулах хувь нэмэр зэрэг үндэсний болон олон улсын хэмжээний тогтвортой хөгжлийг хангах үүргээ биелүүлсээр байна. Эдийн засгийн өсөлтийг хангахын тулд хөдөө аж ахуй, үйлчилгээний салбар зэрэг олон салбарыг хослуулах бодлого баримталж буй хэдий ч уул уурхайн салбар нь Монгол Улсын ДНБ-ий дийлэнх хувийг эзэлж, эдийн засгийн өсөлтийг хангах стратегийн чухал салбар хэвээр байна.
Монгол Улсын уул уурхайн салбарын хэд хэдэн томоохон давуу талуудыг үнэлгээний багийнхан тайландаа дурджээ. Тус салбарын хувийн болон төрийн байгууллагуудын удирдлагууд нь өндөр боловсрол, ур чадвартай мэргэжлийн хүмүүс байдаг. Байгаль орчныг хамгаалах, уурхайн олборлолт явуулах, уурхай байгуулахтай холбоотой дэд бүтцийг бүрдүүлэх, ажлын байр бий болгох зэрэг асуудлуудыг хамарсан уул уурхайн компаниуд болон орон нутгийн захиргааны байгууллагууд хооронд байгуулах загвар гэрээг саяхан баталсан нь уул уурхайн үр ашгийг тухайн аймаг, суманд хүртээхэд дэмжлэг болсон.
Аймаг, сумын төвшинд олон талын оролцоог хангасан зөвлөлүүдийн үйл ажиллагаа түгээмэл болж байгаа нь уул уурхайн салбартай холбоотой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх зөв механизм гэж талууд таатай хүлээн авч байгаа. Зарим талаар “Олборлох Салбарын Ил Тод Байдлын Санаачлага”-ыг 10 орчим жилийн турш хэрэгжүүлсний үр дүн байж болох татвар, АМНАТ-ын талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдлын төвшин нь Монгол Улсын давуу талуудад багтжээ. Түүнчлэн Швейцарийн Тогтвортой Бичил уурхайн төсөл болон бусад байгууллагуудын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газрын зүгээс бичил болон жижиг хэмжээний уурхайн эрх зүйн байдлыг уул уурхайн хууль тогтоомждоо тусгахыг зорьж байгааг тус тайланд сайшаажээ.
ЗГХФ байгууллагын үнэлгээний баг Монгол Улсын уул уурхайн хууль тогтоомж, бодлогын орчны хэд хэдэн сул талыг мөн тогтоожээ.
“Засгийн газар тулгамдаж байгаа асуудлуудыг сайн мэдэж байгаа бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, журмуудын дутагдалтай талуудыг сайжруулах арга хэмжээ авах хүсэл эрмэлзэлтэй байгаа нь харагддаг. Уурхайн хаалт зэрэг тус салбарын бусад чухал харилцааг зохицуулах Уул уурхайн тухай шинэ хуулийн төсөл боловсруулах ажил эхэлсэн. Засгийн газрын эрх бүхий албан тушаалтнууд чадавх бэхжүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай идэвхтэй хамтран ажилладаг.” хэмээн ЗГХФ байгууллагын Монгол Улсын үнэлгээний тайлангийн хамтран зохиогч Люк Даниелсон дурдсан байна.
Усны нөөц зэрэгт нөлөөлж болзошгүй уурхайгаас гарч байгаа өндөр эрсдэл бүхий, их хэмжээтэй хаягдлын менежментийн дутагдалтай байдал нь үнэлгээний багийн тайландаа дурдсан сул талуудын нэг юм. Мөн татварын нэгдсэн тайланд аудит хийх, шилжүүлгийн зардал, ашиг хүртэгч эзэдтэй холбоотой болон асуудлуудыг шийдвэрлэх төрийн байгууллагуудын чадавхийн дутагдалтай талыг тус үнэлгээний тайланд мөн дурджээ. Монгол Улсад чухам ямар ашигт малтмалын ордыг “стратегийн ач холбогдолтой ашиг малтмалын орд” гэж ангилах шалгуурууд нь тодорхойгүй, ойлгомжгүй байдаг. Түүнчлэн аймаг, сумын төвшинд уул уурхайгаас олж байгаа орлого хэрхэн хуваарилагдаж, зарцуулагддаг нь ил тод, нээлттэй бус байгааг үнэлгээний багийнхан тогтоожээ.
ЗГХФ байгууллага дахь Монгол Улсын оролцоо нь томоохон зорилтуудыг дэвшүүлсэн 2014-2025 онуудад хэрэгжих “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болдог. “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, уул уурхайн салбарын нийгэм, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж, Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэх Монгол Улсын дотоодын төлөвлөгөөг биелүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн.
“Монгол Улсад маш их амжилттай ирээдүй бий. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжлийг хангахад хүчин чармайлт гаргаж байгаа нь Азийн бүс нутагт сайн жишээ болж байгаа төдийгүй, энэхүү үзэл санааг дэмждэг хариуцлагатай хөрөнгө оруулагчдыг татах нөхцөл болж байна. Тус яамны зүгээс уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг төлөвлөх, зохицуулах иж бүрэн системийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа нь ЗГХФ байгууллагын үнэлгээнд дурдагдсан сул талуудыг даван туулж, шийдвэрлэх бодит, тууштай арга хэмжээ юм. ЗГХФ байгууллага нь Монгол Улсын Засгийн газартай үр дүнтэй хамтран ажиллаж байгаадаа үнэхээр таатай байгаа бөгөөд хамтын ажиллагаа өргөжинө гэдэгт итгэж байна.” гэж Кристи Дисней Брукнер өгүүлэв.
ЗГХФ байгууллага нь уул уурхайн салбарын сөрөг нөлөөг хязгаарлаж, эдийн засгийн үр ашгийг нь хүртээмжтэй хуваарилах чиг хандлага баримталж, тогтвортой хөгжлийн хөшүүрэг болгохыг зорьдог 60 орчим улсыг дэмжин ажилладаг. Энэ байгууллага нь ядуурлыг бууруулах, хүртээмжтэй өсөлт болон нийгмийн хөгжлийг хангах, байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглахын тулд уул уурхайн салбарын үр өгөөжийг оновчтой болгох үндсэн зорилготой.
Олон Улсын Тогтвортой Хөгжлийн Институт (IISD) нь тус байгууллагын ажлын албаны үүргийг гүйцэтгэдэг. Ажлын алба нь Канад Улсын Засгийн газраас санхүүждэг.