ХОВД АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛСАН “БИЧИЛ УУРХАЙН ХУУЛЬ ЭРХЗҮЙН ОРЧИН, ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ГАРСАН ЗӨВЛӨМЖ
2018-05-17

“БИЧИЛ УУРХАЙН ХУУЛЬ ЭРХЗҮЙН ОРЧИН, ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ГАРАХ ЗӨВЛӨМЖ

Зөвлөгөөнд оролцогчид бид 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зөвлөлдөөд дараах зөвлөмжийг гаргаж байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд:

- Бичил уурхайн зориулалтаар аймгийн тусгай хэрэгцээнд авах газрыг аймгийн Засаг даргын өргөн мэдүүлснээр хууль, журмын дагуу шуурхай хэлэлцэж, шийдвэрлэх.

- Бичил уурхай эрхлэгч нарыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж, холбогдох байгууллагуудыг чиглүүлэх.

Аймгийн Засаг даргад:

- Бичил уурхайтай холбоотой статистик судалгаа, цахим бүртгэлийг баяжуулах, тогтмолжуулах.

- Сумдаас ирүүлсэн цэг, солбицол бүхий талбайг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэдээллийн санд бүртгүүлж мэргэжлийн байгууллагаар давхцалыг шалгуулж шуурхай шийдэх.

- Бичил уурхайн үйл ажиллагааны албажуулалтын хүрээг тэлж, хариуцлагатай, тогтвортой бичил уурхайчдыг дэмжиж ажиллах.

- Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдтэй Гурван талт гэрээгээр ажиллах боломжийг судалж хэрэгжүүлэх.

- Төрийн Захиргааны байгууллагуудад бичил уурхайн үйл ажиллагааны талаарх мэдээллийг хугацаанд нь гаргаж хүргүүлэх.

- Гишүүдийн дэлгэрэнгүй мэдээллийн сан бүрдүүлж тэдгээрийн мэргэжил чадварт тохирсон хэлбэрээр бичил уурхайгаар цаашид ажиллах, өөр бизнест шилжин ажиллах, боломжтой гэж ангилан сум орон нутгийн захиргаатай хамтран сургалт хийх.

- Бичил уурхайчдыг Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр төсөл хөтөлбөрт хамруулан ажиллах.

- Өөр сумын Бичил уурхайн нөхөрлөлийг тухайн суманд ажиллуулахдаа Сум орон нутгийн удирдлагуудтай зөвшилцөх.

Сумдын Засаг дарга нарт:

- Бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд татсан талбай дотор дүгнэлт гаргуулах саналыг аймгийн Засаг даргад уламжлахдаа газрын даамлыг газар дээр нь очуулж, цэг солбицол га-г тодорхой болгох.

- Цахим бүртгэлийн программд ХАМО иргэд болон бичил уурхайчдыг бүртгэх, аймгийн Засаг даргын А/241 захирамжийг хэрэгжүүлэн ажиллах.

- Аймгийн Засаг дарга, холбогдох мэргэжилтнүүдэд бичил уурхайн үйл ажиллагааны  мэдээллийг хугацаандаа гаргаж өгөх.

- Бичил уурхай эрхлэгч иргэдийн талбайн солбицол шалгуулах хүсэлтийг иргэдийн хурлаар хэлэлцэхгүйгээр аймгийн Засаг даргад уламжлах.

- Бичил уурхайгаар ашигт малтмал олборлуулах дүгнэлт гарсан эсвэл ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талбайд гурван талт гэрээний үндсэн дээр ажиллуулах тохиолдолд суурьшлын бүсийг тодорхойлж, ашиглалтын үйл ажиллагааг эхлүүлэх

- Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох боломжтой газруудын давхцалыг шалгуулах санал өгөхдөө цэг солбицол, га хэмжээг тодорхой гаргаж өгөх, Ашигт малтмал, газрын тосны газраас авсан солбицол дагуу цэг координатыг баталгаажуулж үйл ажиллагаа явуулах.

- Сум хөгжүүлэх сангийн зээлд бичил уурхай эрхлэгчдийг хамруулж ЖДҮ эрхлэх боломжийг бүрдүүлэх.

- Аймагтай зөвшилцөлгүй дур мэдэн бичил уурхайн гэрээ хийхийг хориглоно.

- Нөхөн сэргээлт хийсэн эхний газрыг мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор хүлээн авсны дараа дараагийн газрыг олгож гэрээ байгуулах.

Бичил уурхай эрхлэгч нарт:

- Ашигт малтмал, газрын тосны газраас бичил уурхайн зориулалтаар үйл ажиллагаа явуулах албан ёсны дүгнэлт гарсан талбайд гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулах, бусад тохиолдолд хориглох.

- Бичил уурхайн зориулалтаар үйл ажиллагаа явуулж, техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайн 50-иас доошгүй хувьд биологийн нөхөн сэргээлт хийх.

- Бичил уурхайтай холбогдуулан гаргасан дүрэм журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах.

- Бичил уурхайгаар ашиглах боломжтой газруудыг сонгож, тухайн сумандаа саналаа өгөх.

- Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөн ажиллах.

Холбогдох байгууллагуудад:

- Бичил уурхайчдын ашигт малтмалын ил тод нийлүүлэлтийн сүлжээг бий болгох.

- Бичил уурхайчдыг өөр ажлын байранд шилжүүлэх, зуучлах, нэмэлт орлоготой болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үр дүнтэй санал санаачилгыг сайн туршлагуудын бусад бичил уурхайчдад түгээн дэлгэрүүлэх.

- ХАМО иргэдийг нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулалтад орж, бичил уурхай эрхлэхэд нь мэдээлэл арга зүйн туслалцаа үзүүлэх, албажуулахад туслалцаа үзүүлэх.

- Байгаль орчны болон нийгмийн хариуцлагыг дэмжих, нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийж байгаа эсэхэд нь хяналт тавьж, хүлээн авах.

- Бичил уурхайчдад эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамруулахад сэдэлжүүлэх сургалт сурталчилгаа хийх.

- Бичил уурхайчдын эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг үр дүнтэй зохион байгуулж хэвших.

- Хуулийн байгууллагууд бичил уурхайн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах, хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажиллах.

- Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан бичил уурхайчдад мэргэжил олгож, өөр ажлын байранд шилжүүлэх.

 

ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОГЧИД

2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр

Сэтгэгдэлүүд