Олон хүнийг холбох гүүр болж ажилладаг болохоор надад зүгээр суух эрх байхгүй... гэх Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Баянбөмбөгөр төрийн бус байгууллагын тэргүүн, эгэл жирийн монгол эмэгтэй Жаргалын Саруул бол бичил уурхайтай амьдралаа холбож, бичил уурхайчдын төлөө тасралтгүй 16 жил зүтгэж яваа нэгэн билээ. Тэрээр аймгийнхаа техник мэргэжлийн сургуулийг барилгын мэргэжлээр 1997 онд төгсөөд мэргэжлээрээ ажиллахыг хүсэвч, дөнгөж сургуулиа төгссөн түүнд ажлын байрны асуудал хомс, бичил уурхай эрхлэхээс өөр аргагүй байдалд хүрч, энэ замыг сонгожээ.
Тухайн үед мэргэжил боловсрол эзэмшсэн болохоор малчин болохыг хүсээгүй тэрбээр олны хөлийг даган Улаанбаатар хотод үйлдвэрт хоёр жил ажиллаад, үйлдвэрийн хүнд ажил, хөдөлмөрийн үнэлэмж бага, орлогоороо цалинждаг байсан нь хэрэгцээгээ дөнгөн данган залгуулахад хүрч байсан тул нутаг буцсан байна. Суманд байтугай, аймагт ажлын байр олдохгүй хэцүү үе байсан болохоор алт ухахаар яваа хүмүүсийг даган 2000 онд аймгаасаа 40 км зайтай Дашаа гэдэг газар руу явснаар ногоон түмпэн, хүрз, резинэн бээлийтэй “нинжа” болжээ.
Баянхонгор аймгийн ид хөдөлмөрийн насны идэр залуус бүгд цуглачихаа юу гэмээр л бужигнасан газар... Олны хөлийг дагаад хоол, цайны газар, дэлгүүр, билльярд гээд төвлөрсөн цэг болтлоо хөгжсөн тус газар ихэнх айлууд нүүдлийн маягтай амьдарч гэрийн хоёр хана нийлүүлэн барьсан жижигхэн “дуганцаг”-т гэр бүл, үр хүүхэд, ах, дүү, таньдаг хүмүүс гээд л ойролцоогоор 7-8 хүн амьдарна. Өглөөнөөс орой болтол ажиллахдаа гуанзны хоол, гөөхий идэж амьдардаг байсан нь тэр үеийн нийтлэг дүр зураг. Шороонд дарагдах, хөлдүү нүх гэсгээх гэж гал түлж байгаад угаартах аюул осол энд тэндгүй л гарч байж.
Хүрз, зээтүү бариад 13-20 метр гүн нүх ухаж, 50 кг шороо үүрээд жилийн дөрвөн улирал ажиллах, уурхай уруу шөнө ороод гэрэл гарахаар нь зугтаж амьдарна гэдэг бол эмэгтэй хүнд байтугай эрэгтэй хүнд ч халширч шантармаар ажил. Гэсэн ч хэзээний дайчин, шантрахыг мэдэхгүй зангаараа хөдөлмөрлөж, олсон жаахан алтаа тушаагаад бэлэн мөнгө болгож хэрэгцээгээ хангаад, гэр бүлдээ илүүчлээд үүндээ урамшин хүнд хэцүүг умартан зүтгэдэг байжээ.
2008 онд Тогтвортой Бичил Уурхай” төсөл, орон нутгийн удирдлагууд Засгийн газрын 372 дугаар тогтоолын дагуу зохион байгуулалтад орох хэрэгтэй, уурхай эрхлэгчид амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа талаар ухуулга хурал, сурталчлан таниулах материал тарааж өгч, орон нутагтайгаа ингэж хамтран ажиллах бололцоо байна гээд гаргалгааг нь хүртэл хэлж өгч байсан нь зохион байгуулалт, төрийн бус байгууллагын талаар ямар ч ойлголтгүй бичил уурхай эрхлэгчдийн нүдийг нээсэн, цагаа олсон явдал байжээ.
-Төсөл зөвхөн мэдээлэл хүргээд орхиогүй, төрийн бус байгууллагын гэрчилгээ, тамга тэмдэг, бусад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж, тэр ч байтугай анхны идэвхжүүлэгчээр намайг сонгож, төслөөс цалинжуулдаг байсан нь хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг богино хугацаанд зохион байгуулалтад оруулахад ихээхэн хувь нэмрээ өгсөн... хэмээн талархаж явдгаа илэрхийлж байлаа.
-Хамгийн үнэтэй оюуны хөрөнгө оруулалтыг ШХА-ийн Тогтвортой бичил уурхай төсөл хийсэн... гээд түүний үр шимээр өсч дэвжиж буйн жишээнд өөрийгөө дурдав. Компьютер дээр чөлөөтэй ажиллаж, сумын хэмжээнд төсөл бичих чадвартай болж багагүй төслийн уралдаанд шалгарч амжилттай хэрэгжүүлээд байгаагаа ч онцлон ярилаа. Тухайлбал, бичил төсөл боловсруулж төрийн бус байгууллагаа хашаажуулж, мөн иж бүрэн тоног төхөөрөмжтэй оёдлын цех байгуулж өрх толгойлсон таван эмэгтэйг ажлын байраар хангасан төдийгүй гишүүдээ аль болох чадавхжуулах, сургалт сурталчилгаа хийж байгаагаа бахархан өгүүлж байв. Сургалт мэдээллийн иж бүрэн тоноглогдсон гэртээ хурал, цуглаан, сургалтаа зохион байгуулж, гишүүдээ аль болох урт хугацааны сургалтад хамруулж сургагч багш болгож бэлтгээд бусаддаа түгээн дэлгэрүүлэхэд анхаарч ажилладаг талаараа туршлагаа хуваалцлаа.
Бичил уурхай эрхлэгчдэд хүний эрхийн асуудал маш их тулгамддаг, мэдлэггүйгээсээ болж эрхээ зөрчигдөж байгаа талаар ойлгодоггүй. Эрүүл мэндээрээ хохирох, наад зах нь харшлын өвчин, сэтгэл зүйн өөрчлөлт - стресст орох зэрэг нь эрх нь зөрчигдсөний илрэл юм. Энэ чиглэлээр Хүний эрхийн үндэсний комиссоос сургалтууд авч үе шаттай сургаж байгаа нь үр дүнгээ өгч эрхээ зөрчигдвөл дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлэх, сонгох сонгогдох эрхээ хүртэл сайтар ойлгож, үүний үр дүнд ч орон нутгийн сонгуульд мөн бичил уурхайчдаас нэр дэвших болсон байна. Мөн бичил уурхай төвлөрсөн газар зуны цэцэрлэг ажиллуулан, хүүхдүүдийн асуудлыг шийдэж байгаа нь түүний туулж өнгөрүүлсэн амьдралын туршлага, сурч мэдсэний “өглөг” болгож буй сайн үйл, бүтээлч санаачилга юм.
-Эмх замбараагүй байдлыг зохион байгуулалтад оруулаад ирэхээр нутгийн удирдлагын зүгээс дэмжлэг авч, нийтийг хамарсан ажлын байранд зарлагдсан нийтийн эзэмшлийн гудамж талбай цэвэрлэх, дотоод засвар хийх, мод тарих зэрэг ажлуудыг хийж байгаа нь төрөлх нутагтаа оруулж буй бичил уурхайчдын хувь нэмэр юм... гэж үздэгээ тэрээд онцлон өгүүлсэн юм.
Хувиараа ашигт малтмал олборлогчдын хувьд бичил уурхай, нэгдсэн зохион байгуулалтаар ажиллахын давуу талын талаар ойлголт сул, шаардлага хүлээж авах, нийгэмших талдаа муу, гэхдээ “алтны дэргэд гууль шарлана” гэдэг шиг бусад нь нүхээ дараад ирэхээр өөрийн эрхгүй л дараад ирнэ дээ гэж инээмсэглэн хэлэв. ТББ-ын дэргэд хуримтлалын гурван бүлэг байгуулагдаж, хуримтлалаасаа зээл олгох, хүүнээсээ ноогдол ашиг хуваах зэргээр санхүүгийн асуудлыг шийдвэрлэж байна. Гишүүддээ зориулж тусламж үзүүлэхээс гадна, жилдээ нэг байгууллагынхаа үдэшлэг зохион байгуулж, орон нутгийн удирдлагаа урих, шагнал гардуулах арга хэмжээ хийнэ. Мөн сайн үйлсийн аян өрнүүлж, өндөр настанд туслах, түлшийг нь бэлтгэх, хашаа хороог нь малтах гээд л заавал мөнгөн тусламж гэлгүйгээр өөрсдийнхөө чаддаг бүхнээр тусалдаг нь ТББ-ын эв нэгдэл, зөв зохион байгуулалтын үр дүн юм.