Говь-Алтай аймгийн "Бичил уурхайн эрх зүйн орчин, түүний хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд" сэдэвт зөвлөгөөн амжилттай боллоо
2018-05-25

Говь-Алтайн аймгуудын Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас "Бичил уурхайн эрх зүйн орчин, түүний хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд" сэдэвт зөвлөгөөн амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнийг Аймгийн Засаг дарга С.Гансэлэм үг хэлж нээсэн бөгөөд Засаг даргын орлогч Ж.Ганбат "Бичил уурхайн чиглэлээр орон нутгаас баримталж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудлууд" сэдвээр илтгэл тавилаа. Тус арга хэмжээнд АМГТГ-ын Уул уурхай, үйлдвэр технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Баттулга, Тогтвортой бичил уурхай төслийн эксперт Ч.Оюунчимэг, МБУНДХ-ны гүйцэтгэх захирал Д.Баярмаа нарыг урьж оролцуулснаас гадна аймгийн холбогдох төрийн байгууллагуудын дарга, мэргэжилтнүүд, сум багийн Засаг дарга, БОХ-ын Улсын байцаагч, байгаль хамгаалагч, бичил уурхайн чиглэлээр байгуулагдсан холбоо, ТББ, хоршоо, нөхөрлөлүүдийн төлөөлөл гэсэн нийт 110 хүн оролцсон байна.

Зөвлөгөөнөөс бичил уурхай үйл ажиллагааг дэмжин зохион байгуулан ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллага, хоршоо, нөхөрлөлүүдэд хандаж зөвлөмж гарган ажилласан. Зөвлөгөөнөөр дараах зөвлөмжийг баталж гаргасан байна.

БИЧИЛ УУРХАЙН ЗӨВЛӨГӨӨНӨӨС ГАРСАН ЗӨВЛӨМЖ

Бичил уурхай үйл ажиллагааг дэмжин зохион байгуулан ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллага, хоршоо, нөхөрлөлүүдэд:

Зөвлөгөөнд оролцогчид бид зөвлөлдөөд дараах зөвлөмжийг гаргаж байна.

  • Бичил уурхайн асуудлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах, удирдамж чиглэлээр хангах зорилго бүхий зөвлөлийг байгуулж, үйл ажиллагааг тогтмолжуулах
  • Хууль бусаар ашигт малтмал олборлож буй иргэдийг бичил уурхайн зохион байгуулалтанд оруулах ажлыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөртэй хамтран зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх
  • Бичил уурхайн эрхлэгчдийг бодлогоор дэмжиж, харин хувиараа ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээг авч ажиллах
  • Бичил уурхайн талбай, баяжуулах цехийн талаар аймаг нэгдсэн бодлогоор тодорхойлж, холбогдох арга хэмжээг авах
  • Бичил уурхайн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрыг нөхөн сэргээх хөрөнгийг тухайн сум бодитой тооцож, ашигт малтмал олборлох гэрээ байгуулахаас өмнө сумын төрийн сангийн дэргэдэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансанд нөхөн сэргээлтийн баталгаа 50 хувийн хөрөнгийг байршуулж, нөхөн сэргээлтийг хийн хүлээлгэн өгснөөр барьцаа хөрөнгөө буцаан авах
  • Нөхөн сэргээлт хийх нэрийн дор ашигт малтмал олборлох аливаа гэрээ, хэлцэл байгуулахгүй байх, хууль журам зөрчсөн үйлдэл илэрсэн тохиолдол таслан зогсоож хуулийн хариуцлага хүлээлгэх
  • Хүчин чадал өндөртэй техникээр хуулиар хориглосон газруудад хууль бусаар ашигт малтмал олборлож буй үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Сумдын Засаг дарга, Байгаль орчны хяналтын Улсын байцаагчид таслан зогсоох.
  • Хууль бус химийн болон тэсрэх бодисын хэрэглээг таслан зогсоох
  • Холбогдох төрийн захиргааны төв байгууллагаас баяжуулах цехийн байршлыг тогтоолгох арга хэмжээ авах
  • Алт борлуулалтын сүлжээг албажуулах ажлыг зохион байгуулах.
  • Бичил уурхайн нөхөн сэргээлтийг аргачлалын дагуу хийн хүлээлгэн өгөх.
  • Бичил уурхайн эрх зүйн орчин болоод холбогдох хууль тогтоомжуудыг сурталчлах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж ажиллах.
  • Бичил уурхай эрхлэгчдийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх санаачилгыг дэмжиж, бичил уурхайгаас өөр салбарт ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, тэдэнд мэргэжил эзэмшүүлэх, экологийн боловсрол олгох сургалтыг үе шаттай зохион байгуулах
  • Ашигт малтмал, газрын тосны газраас авсан лавлагааг үндэслэн бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох боломжтой талбайг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн орон нутгийн тусгай хэрэгцээнд авах

Сэтгэгдэлүүд