Монголбанк эко алт худалдан авч байгаатай холбогдуулж Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяагаас тодруулга авснаа хүргэж байна.
-Эко алт гэж чухам юу болох талаар тодруулж өгнө үү?
Эхлээд ойлголтын зөрүүг тайлбарлах үүднээс мэдээлэл өгөхийг хүсч байна. Эко алт гэхээр төрц буюу байгалиасаа биежсэн хэлбэртэй олдсон алт гэж ойлгох тохиолдол бий. Гэтэл үгүй юм. Байгаль орчинд сөрөг нөлөөгүй хүний хөдөлмөрийг хууль ёсны дагуу үнэлэх, хууль журмыг мөрдлөгө болгон ажиллахтай холбоотой шаардлагыг тавьсан дэлхий даяар хэрэгжиж буй Шударга олборлолтын стандарт гэж бий. Колумб Улсад төвтэй Хариуцлагатай уул уурхайн холбооноос гаргасан стандартаар бол бичил уурхай эрхлэгчид алт олборлохдоо химийн хортой бодис ашиглаагүй байх хэрэгтэй байдаг. Мэдээж үүнийг дагаад байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр олборлолтоо хийж нөхөн сэргээлтийг бүрэн гүйцэтгэсэн байх хэрэгтэй. Дээр нь хүний хөдөлмөрийг шулаагүй, шударга үнэлсэн байх, ялангуяа хүүхдийг хөдөлмөрийн мөлжлөгт оруулаагүй байх зэрэг шаардлагууд тавигддаг. Дээрхи шаардлагыг хангаж ажилласан нөхцөлд л эко алт олборлосон гэж үнэлж 1кг алт тутамдаа 4,000-6,000 ам.долларын урамшууллыг эко алтыг худалдан авсан компаниас олгодог. Үнэлгээг авахын тулд гуравдагч олон улсын аудитын байгууллагаар жил бүр шалгуулж баталгаажуулуулна. Мөн үйл ажиллагааныхаа гарал үүсэл, худалдаалах явцыг бүрэн ил тод, тодорхой байлгах дотоод сүлжээ, тогтолцоо үүсгэх нь чухал юм.
-Манай оронд энэ стандартыг хангасан байгууллага байдаг уу?
Байдаг. Улсдаа төдийгүй Азид анх удаа экологийн цэвэр алт үйлдвэрлэгч ангилалд гэрчилгээ авсан “Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо” ТББ гэж байдаг. Энэ байгууллага нь 2015 онд Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн дэмжлэгтэйгээр Баянхонгор аймагт бичил уурхайчид, нөхөрлөл хоршоодыг дэмжин ажилладаг. 2016 - 2017 онуудад нийт 2 кг эко алт туршилтын журмаар экспортлон килограмм тус бүрд 6,000 ам долларын урамшуулал авсан. Зах зээлийн худалдах үнэ дээр нэмэх нь 4000-6000 ам.долларын урамшуулал өгдөг.
-Монголбанк эко алт худалдан авна гэж мэдээлсэн байсан. Тэгэхээр урамшууллыг Монголбанкнаас өгөх үү эсвэл хаанаас вэ?
Тийм ээ. Монголбанк бичил уурхайчдын гар аргаар олборлон, баяжуулсан экологийн цэвэр алт буюу Эко алтыг олборлох үйл ажиллагааг дэмжиж Монгол Улсын валютын санг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор 2018 оноос Эко алтыг экспортлох ажлыг эхлүүлээд байна. Эко алтны урамшуулалыг Монголбанк олгохгүй. Монголбанк Эко алтыг гэрээний дагуу худалдан авах байгууллагад нийлүүлнэ. Тус байгууллага нь стандартын шаардлага хангасан үйл ажиллагааны баримт, аудитын дүгнэлтийг үндэслэн урамшууллыг олгодог.
-Ногоон эдийн засагруу тэмүүлэх болсон цаг үед экологийн алт хэрэглэх нь ч бас нэр төрийн хэрэг болж буй тухай мэдээлэл сонсч байсан юм байна.
Барууны орнуудад сертификаттай эко алт худалдан авах сонирхол, хандлага нэмэгдэж байгаа. Тийм учраас манай улс цаашид энэ стандартыг хэрэгжүүлэгч бичил уурхайн байгууллагын тоо болон, экспортлох алтны хэмжээг нэмэгдүүлэх нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, олон улсын тавцанд нөхөгддөггүй байгалийн баялгаа нэмүү өртөг шингэсэн үнээр худалдаалах боломж бидэнд байгаа. Та түрүүнд асуухдаа эко алт нь нэр хүндийн илэрхийлэл болж байна гэсэн шүү дээ. Энэ үнэн. Дэлхийн том 100 гаруй брэнд шударга олборлолтын сертфекаттай алтыг өөрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ хэрэглэж байна. Chopard, Gucci гэх мэтийг нэрлэж болно. Мөн 2015 оны Нобелийн шагнал, 2014 оны Каннын кино фестивалийн тэмдэгтийг шударга олборлолтын гэрчилгээ бүхий эко алтаар үйлдвэрлэсэн байдаг.
-Шударга олборлолтын стандартын талаар энэ ярилцлаганаас тодорхой ойлголт авахуулахын тулд нэмж тайлбар өгөхийг хүсч байна.
Ер нь хариуцлагатай уул уурхайн нэг хэлбэр гэж ойлгох нь энгийн ойлголт юм. Шудрага олборлолтын стандартыг хэрэгжүүлснээр бичил уурхайчид хариуцлагатай уурхайн үйл ажиллагаа эрхлэх мэдлэг мэдээллээр хангагддаг. Ингэснээр тэд ажлын байртай, тогтмол орлоготой болж ядуурлаас гарах бүрэн боломжтой болдог. Шудрага олборлолтын нэмэлт урамшууллаар дамжуулан бичил уурхайчид суралцах, бусадтай хуваалцах болон орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулдаг гээд тал бүрийн ач холбогдолтой. Энэ стандарт нь бичил уурхайчдыг хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх боломжоор хангадаг. Бичил уурхайчдад нийгэм, байгаль орчин, хөдөлмөрийн нөхцөлөө сайжруулах, сайн засаглалыг бэхжүүлэх, экосистемийг нөхөн сэргээхэд нь сэдэлжүүлэх түлхэц болдог. Урамшууллын системээр дамжуулан бичил уурхайчдад илүү орлого олох боломж олгодог. Гуравдагч талын аудитын хяналтаар баталгааждаг гэрчилгээжүүлэлтийн систем юм. Энэ бүхнийг хангуулахын тулд стандартад нарийн чиг үүргийг заасан байдаг.
Эх сурвалж: Монголбанк вэбсайт