Эко алт олборлоод кг тутамд 6000 ам.долларын урамшуулал авах боломжтой
2017-08-21

Ам.доллар алт хоёр салшгүй холбоотойг бид сайн мэдэх боллоо. Иргэд, ААН-үүдийн Монгол банканд тушаах алтны хэмжээ өсөх тусам ам.долларын үнэ буурч, тэр хэрээр импортын бараа хямдарч, долларын зээлтэй иргэд, компаниуд санаа амардаг.

“Алт 1” хөтөлбөр өмнө нь амжилттай хэрэгжсэн тул эрх баригчид “Алт 2” хөтөлбөрийг дахин хэрэгжүүлнэ гэв. Энэ дагуу арилжааны банкууд  алт олборлогчдод хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгосон юм. Монгол банк алт тушаалтыг тогтмол өсгөн, нэг жилд 20 тонн алт хүлээн авахаар төлөвлөж байна. 2014 онд алт олборлогчид АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 6 тэрбум төгрөг төлжээ. Харин энэ оны эхний зургаан сарын байдлаар 10 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна.

Бид ийнхүү олборлох алтныхаа хэмжээнд хамаг анхаарлаа хандуулаад байхад өрнийн орнуудад шударга олборлолт, эко алтыг дэмжиж эхэлжээ. Энэ нь бичил уурхайчдын амьдралын чанар,  тэдний орон нутагтаа оруулах хувь нэмрийг дээшлүүлэх зорилготой аж.

Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийн эрдэс баялгийн нийлүүлэлтийн сүлжээний эксперт Н.Уранчимэг эко алт гэж ямар алт болохыг танилцуулсан юм.

Олон улсын хариуцлагатай уул уурхайн холбооноос дараах шаардлагыг хангасан алтыг эко гэж тодорхойлжээ.  

  • Алтаа мөнгөн усгүй боловсруулсан байх,
  • Хүний эрхийг дээдлэх,
  • Хүүхдээр хөдөлмөр эрхлүүлэхгүй байх,
  • Алтаа цианидаар  баяжуулаагүй байх,
  • Хүчирхийлэл, хүний наймаа бүхий орчинд алтаа олборлон, боловсруулаагүй байх,
  • Боолчлол явуулаагүй байх,
  • Зөрчил мөргөлдөөнтэй газар үйл ажиллагаа явуулаагүй байх гэх мэт 210 шаардлага тавьдаг.

    Энэ бүхнийг биелүүлэхийн тулд тухайн алт олборлогч бичил уурхай эхний удаад багагүй хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болдог гэнэ.

Гэхдээ дээрх бүх шаардлагыг бүрэн хангаснаа баталж чадвал олборлосон 1 кг алт тутамдаа 6000 ам.долларын урамшууллыг дээрх олон улсын байгууллагаас авдаг байна. Харин шударга олборлолтод хамаарах алтны тонн тутамд борлуулалтын орлого дээр нэмж 4000 ам.доллар төлдөг гэнэ. Шударга алтыг боловсруулахдаа химийн зарим бодис хэрэглэхийг зөвшөөрдөг  байна. Эдгээр урамшуулал цаашлаад хариуцлагатай уул уурхайг дэмжих зорилготой урамшуулал аж.  

Манай улсад Баянхонгор аймгийн“ХАМО” ТББ 2013 оноос дээрх стандартыг мөрдөн, алт олборлож байна. Тэд өнгөрсөн онд 1 кг алтыг АНУ руу туршилтаар экспортолжээ. Ингэснээр Ази дахь анхны эко алт олборлогчоор бүртгүүлсэн байна. Олон улсын аудитын байгууллага жил бүр эко алт олборлогчдод хөндлөнгийн үнэлгээ хийн, тухайн байгууллага дээрх шалгуурыг хангаж буй эсэхийг тогтоодог байна.

Олон улсад шударга олборлолтын болон эко алтыг худалдан авах сонирхол нэмэгджээ. Chopard, Gucci зэрэг дэлхийн томоохон брэндүүд зөвхөн эко алтыг гоё чимэглэлийн бүтээгдэхүүндээ хэрэглэнэ гэдгээ хэдийнэ зарласан байна. Мөн жил бүр томоохон нээлт хийсэн эрдэмтдэд олгодог, Нобелийн шагналын одонг эко алтаар бүтээдэг байна.  

Энэ жишгийг Монгол банк ч мөн мөрдөн, алт худалдан авахдаа эко алтыг илүү өндөр үнээр худалдан авбал манай байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө буурна  гэж Н.Уранчимэг шинжээч үзэж байгаа аж. Манай бичил уурхайчдын англи хэлний мэдлэг дутмаг, алтны үнэ ханш гэх мэт мэдээллийг тухай бүрт нь авч чаддаггүйгээс одоо ганц л бичил уурхай эко алтны урамшуулал авч байгаа юм байна.

Сэтгэгдэлүүд