Эгэл бидний замнал
2018-05-25

Цаг хугацааны тэртээхийг нэхэн санахуй дор... Намрын салхи хацрыг зөөлнөөр илбэж эхлэхийн үес л Ар наймган яах ийхийн зуургүй алтан шар дээлээ хөдрөн, нэлэнхүйдээ шаргалтан гялалзаж үзэгддэг нь санаанд ургана. Амны эхнээс урсах горхины ус Туул голын дайтай өргөсөн тэлж хөлдөөд, өвөлжин багачууд зугаацан нааддагсан. Зундаа ёстой л дөрөө шүргэм өвсийг нуруу хэнздэн тоглодог байж дээ.

Ийм л сайхан нутаг байгаль минь одоо уул толгод шиг шороон овоолгууд, ухархай шиг ухсан нүхнүүдээр дүүрч, урсдаг байсан горхи нь нэгэнт ширгэжээ. Мал идэх өвс байтугай малчид уух усгүй болж, хариуцлагагүй төрийн харалган бодлогод золиослогдон, ханаж цаддаггүй эрх мэдэлтний үзэгний үзүүрээр онгилогдон сэндийчүүлсэн газар шороо... Хэвлий юугаа ухуулсан дэлхий ээжийн төрх ийм аймшигтай, эмгэнэлтэй. Байгаль эхээ ийм болгоход бид оролцсон хэмээн бодохоор зүрх сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй...

Мянга есөн зуун ерэн есөн оны их зуданд амьжиргаагаа залгуулдаг байсан хэдэн малаа алдчихаад, таван хүүхдээ яаж тэжээж өсгөхөө мэдэхээ болиод, зовлон бэрхийн жаварт өвдөг чичрүүлэн явснаа эргэн санахад нойртой хоносон шөнө ховор байж билээ. Аргаа барахдаа зуданд үхээд хөлдөж хөшсөн малын зовлогоноос арьсыг нь хуулж, ямаа таарвал самнаж тав гурван төгрөгтэй залгаж байсан удаа ч бий.

Хоёр мянган оны хавраас манай нутагт гар аргаар алт олборлож, шороо угаан, хэсэг бүлгээрээ бөөгнөрөх хүмүүсийн тоо нэмэгдэж, хүрээ хэмжээгээ тэлж эхэллээ. Мал ахуйгаа барсан би ч арга буюу тэдэнтэй нэгдэн, алт хэмээх нүдэнд өртөхтэй үгүйтэй элсэн ширхэгээс ч өчүүхэн металлийн эрэлд хатаж, ногоон түмпэнгээ үүрэн, нинжа хэмээх алдрыг хүртсэн дээ. Хүүгийн минь ангийн багш, багийн даргаас эхлээд ажилтай ажилгүй, хөгшин хөвөө, хүүхэд залуус гээд манай сумынхан бүгд тэнд алтны үйрмэгийг ихэд хичээнгүйлэн эрж хайж, олсоноо хотоос ирсэн хүмүүст өгч мөнгө болгоно. Аав нь шороогоо ухаж, жижиг нь шуудай барьж, том нь зөөж, ээж нь угаана гээд айл бүлийн бүх хүмүүс дор бүрнээ ажилтай. Хэдэн хүүхдээ боорцог, хар цайхнаар цайлаад, орой харуй бүрий болтол ажиллах, хонож ажиллах тохиолдол ч гардагсан. Ийм хэмнэлээр олон өдөр хоногийг өнгөрүүлж, алтны буянаар хүүхдүүдээ мөр бүтэн, нүүр бардам хичээлд нь явуулж чаддаг болсон.

Аливаа зүйл үргэлж нэг хэвээрээ байх биш дээ. Нэг л өдөр цагдаа нар бидний нинжа нарын талбайд ирж, эрчүүдийг нь зодож, хамаг багаж хэрэгслийг булаан авч, эр эм, эхнэр хүүхэд гэлгүй бүгдийг ачиж аваачин, машин тавьдаг амбаартаа хоол цайгүй хорин дөрвөн цаг хорьж цагдсан. Энэ үеэс эхлэн цагдаад баригдвал яана, хоригдвол хэдэн хүүхэд минь яана гэсэн айдастай болсон хэрнээ л амьдралын эрхээр ухсаар, угаасаар л байсан даа. Хэдийгээр хориглож, цагдаж, хөөж тарааж байсан ч хүмүүс нэмэгдсээр хоёр мянга дөрвөн он гэхэд Заамар суман дахь нинжа бидний тоо хорин мянгыг хол давсан байлаа.

Нинжа нар үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байсан энэ үед хүний амь эрсдэх явдал дээд цэгтээ хүрч байлаа. Хэзээ үхэхээ мэдэхгүй, аюулгүй ажиллагааны тухай мэдэх байтугай сонсоо ч үгүй хүмүүс амьдралын эрхээр алт дагаж явцгаасан. Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсийн их хөл үймээнийг дагаад гэмт хэрэг ч бишгүй гарах болж, насанд хүрээгүй хүүхдүүдээр хүнд хүчир хөдөлмөр хийлгэх явдал байх л зүйл гэж ойлгогдсон, чухамхүү хууль цаазгүй мэт л амьдарч байв. Үүний улмаас ардчилсан Монгол Улсын одоогийн ерөнхийлөгч, тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ц.Элбэгдорж шийдвэр гарган төрийн тусгай албад, цагдаагийн байгууллагаар дамжуулан “Нинжа нарыг цэвэрлэх” ажиллагаа явуулсан юм. Энэ нэрийн дор цагдаа нар том жижиг, хөгшин залуу, эр эм гэлгүй албадан барьж, эсэргүүцвэл цохиж зодон, нинжа гэгдэх хүн Монгол Улсын иргэний тооноос хасагдсан мэт авирлаж, орон гэрийнх нь бүслүүрийг хүртэл огтлон дарамталж, бөөнөөр нь том машинд ачин Заамар сумаас гарган “асгаж” байсан түүх бий. Ийм их эсэргүүцэл, хөөцөлдөөний эцэст Заамар суманд нутгийн нинжа цолтнууд л үлдсэн юм.

Энэ цагаас эхлэн төрийн цагдаа нар “албан сектор” гэх нэрийн дор алтны үйлдвэрүүдэд үйлчлэх болсноор албан бусаар алт олборлож бор хоногоо залгуулдаг нинжа нарын амьдрал ташуур өгөх шиг л хүндэрсэн. Гэсэн хэдий ч нинжа нар улам олон болсоор байлаа. Энэ хэрээр нинжа нарыг “ангуучлах” цагдаагийн хүчийг улам зузаатган, долоон сумыг хамруулсан сум дундын цагдаагийн хэлтэс байгуулсан юм. Амьжиргаагаа залгуулахын эрхээр нинжа гэгдэх бидний амьдрал хулгайн хэлбэрт шилжиж, шөнөөр голдуу явж, хаягдал шороо, эсвэл уурхайн талбайгаас шуудай шороо үүрэн зугтаж чадвал өөрийгөө азтайд тооцож, эс чадвал цагдаад баригдан, Төв аймгийн хорих газар руу ялтан адил ачигдаж арван дөрөв хоног, цаашлаад нэг сарын хугацаагаар гянданд суудаг байлаа.

Тэр жилийн намар би азгүйтэж баригдан, нэг сар хоригдохоор болсон юм. Биднийг Булган аймгийн хорих ангид ачин аваачиж, эр, эмээр нь тусгаарлан хорив. Биед байсан эд юмс, гутлын үдээс, өмдний тэлээг хүртэл хураан авч, эрчүүдийн үсийг хусаж яг л ялтан мэт харьцаж байлаа. Хоригдох хугацаанд хоригдлуудын дэглэмээр байлган, өглөөний тоо, дасгалд гаргах, модон шалыг лаагаар өвдөг чилтэл зүлгүүлэх гэх мэтээр дэглэнэ. Тэр үед надтай хамт хоригдож байсан нэгэн охин ийн бичсэнийг хоригдсон нинжа нарын сэтгэлзүй ямар их дарамт, шаналалд байсны илэрхийлэл болгон доор сийрүүлье.

 

Сүнсгүй бие

Хүн л болохоос миний бие сүнс сүлдгүй

Хүүр гэмээр ч миний бие амьд сэрүүн

Хөдөлж, гүйж, алхаж чадах ч

Хүн шиг амьдарч үл чадна.

Хүн алж, хүрээ талаагүй ч

Ял эдэлж, тамд унасан

Хөөрхий би өрөвдөлтэй амьтан

Ялтан би гунигтай амьтан

Уйлж унжиж, гуйж гувшсан ч

Угаасаа л би яллагдагч

Удаан хугацаагаар хоригдох

Унхиагүй нэгэн нинжа

Нүдэнд харагдаж чихэнд сонсогдсоныг

Нуулгүй хэлэхэд, ойлгохгүй байна

Нинжа хийж хууль зөрчсөн

Нүгэлт бие минь сүнсгүй бие

Гэр орон, ахан дүүсээ

Гэрэвшсэн юм шиг санахгүй байна

Гэрэлт орчлон, нарлаг Монголдоо

Гэгэлзсэн сэтгэлтэй сүнсгүй бие

Эргэж буцдаг нь хорвоогийн жам

Эрхэлж жаргадаг нь хүүхдийн зан

Ээрч муурдаг нь өвчтөний гэм

Эрчимтэй зугтдаг нь нинжагийн зан

Амьдрал намайг ухааруулж өгсөн

Ажил намайг хатуужуулж өгсөн

Алагхан зүрхнийхээ зовлон шаналлыг

Арайхан ойлгоогүй хүчгүй бие сүнсгүй бие

Ингэж бичтэлээ сэтгэлээр унаж, гутарч байсан нь нэг талаар нинжа нарын амьдрал ямар хатуу бэрх байсныг, нөгөө талаараа манай улсын нийгэм ямар ядуу буурай, хүний эрх, шударга ёсны асуудал ямар нялх балчир байсныг илтгэн харуулж байх шиг.

Ийм л бартаа нугачаатай хэдэн жил амьдарсны дараа нэгэн сайхан санал тавьж ирсэн хүн бол Дашдондовын Баярмаа хэмээх эмэгтэй байлаа. Тэр эмэгтэй бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, мөн нөхөрлөл байгуулж, хэрхэн айх айдасгүй ажиллаж, амьдрах талаар харилцан ярилцаж, хамтран зөвлөлдсөөр нэгэн шийдвэрт хүрсэн нь “Энх Мөнх Эргэх Холбоо” ТББ байгуулж, нэн ядуу ажилгүй таван хүнийг ажлын байртай болгоод зогсоогүй, хамгийн чухал зүйл нь нинжа бид нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхөд их хувь нэмэр оруулсан юм. Ингэж “нинжа” хэмээх цолоо баллуурдан, “бичил уурхайчид” гэж итгэл дүүрэн хэлэх нэртэй хуулийн дагуу хүлээн зөвшөөрөгдсөн хөдөлмөр эрхлэхэд Заамар нутгийнханд үнэлшгүй тус үзүүлсэн Д.Баярмаа хэмээх тэр эгэл эмэгтэйн гавьяаг дурсахгүй байхын аргагүй ээ.

Татвар төлснөө бүртгүүлэх дэвтэртэй, аюулгүй ажиллагаагаа удирдуулах уул уурхайн албатай, улсын нийслэлдээ цуглаж хуралдах оффистой, мөрөөдлөө бичээд ороход дэмжих төсөлтэй, Монгол улсын өнцөг булан бүрт албан ёсоор ажиллаж хөдөлмөрлөж яваа бичил уурхайчид билээ, бид. Энд өгүүлсэн бүхэн эрээвэр хураавар амьдралын минь хориод жилийн түүх, эгэл бидний замнал мөнөөсөө мөн.

 

Түүхийг бичсэн: “Заамар нутгийн хөгжил бидний оролцоо” ТББ-ын Хяналтын зөвлөлийн дарга Н.Баярмаа

Сэтгэгдэлүүд