Д.Ганбат: алтны шороон ордын шавхагдаж буй нөөцийг нэмж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бий
2017-08-21

Алт бол валютын нөөцөд тооцогддог, ам.долларт шууд хөрвөх чадвартай үнэт металл. Тиймээс цаасан мөнгө их хэвлэснээс үүдсэн инфляцийн өсөлтийг барьж, эдийн засагт эргэлдэх мөнгөний хэмжээг удирдах замаар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангадаг. Манай улсын шороон, үндсэн орд болон алт агуулсан бусад металлын ордууд 2000 гаруй тонн алтны нөөцтэй. 

Тиймээс энэ оны эхэнд Засгийн газраас эдийн засгийг сэргээж, алтны олборлолт, нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Өмнө нь “Алт хөтөлбөр” болон “Алт-2000 хөтөлбөр”-ийг 1992-2000 онд хэрэгжүүлж байсан билээ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэх боломжтой хэмээн тооцолсон. Энэ хүрээнд алт олборлогчид өнгөрсөн онд Монголбанкинд 18.4 тонн алт тушаасан нь 2008 оноос хойших хамгийн өндөр төвшин юм. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар 8.9 тонн алт худалдан авчээ. Үүгээрээ нийт экспортын 15.4 хувийг алт бүрдүүлж байгаа бөгөөд 2015 онд дөнгөж есөн хувийг бүрдүүлж байсан юм. Тиймээс энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Ганбаттай ярилцлаа. 

Алтны олборлолт, экспортыг өсгөж эдийн засгийг сэргээх зорилготой “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд алтны компаниудад Хөгжлийн банкнаас богино хугацаатай зээл олгож эхэлсэн. Одоогоор хэчнээн аж ахуйн нэгж хамрагдаад байна вэ? 

-Бид уулын ажлын төлөвлөгөө ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн судалгаа хийж, санхүүжилт шаардлагатай алтны 130 төслийг гарган Хөгжлийн банкинд хүргүүлсэн. Одоогийн байдлаар Хөгжлийн банкинд 114 тэрбум төгрөгийн зээл хүссэн 19 аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүлээн авч, шаардлага хангасан дөрвөн компанид 24 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна.

Хүсэлт гаргасан аж ахуй нэгжийн ес нь шаардлага хангаагүй. Одоо үлдсэн зургаан компанийн материалыг судалж байна. Шаардлага хангасан зарим аж ахуйн нэгж одоог хүртэл санхүүжилтээ  бүрэн авч чадахгүй байна гэсэн гомдол гаргасан. Тиймээс ирэх пүрэв гарагт бид Хөгжлийн банк, Алт үйлдвэрлэгчдийн холбоотой хамтарсан уулзалт зохион байгуулах гэж байна. 

-Хөгжлийн банкнаас нийт хэчнээн тэрбум төгрө­гийн санхүүжилт үзүүлэх боломжтой вэ. Зээлийн хүүг хамгийн багаар тооцож байгаа гэсэн. Тийм үү? 
-Сангийн яамны Санхүү­гийн асуудал эрхэлсэн салбар зөвлөлөөс гаргасан журмын дагуу зээлийг тухайн компанийн зөвхөн эргэлтийн хөрөнгөд зориулж хавар олгоод, жилийн эцэст эргэн төлөх нөхцөлтэйгөөр богино хугацаатай өгөхөөр болсон. Зээлийн хүү хамгийн бага буюу жилийн 15 хувьтай байгаа. Энэ хүрээнд нийтдээ 200 хүртэлх тэрбум төгрөгийн санхүүжилт үзүүлэх боломжтой гэж тооцсон. Гэвч анх аж ахуйн нэгжээс нийт 260 тэрбум төгрөгийн санхүүжилт авах хүсэлт ирсэн. Түүнээс албан ёсоор 114 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт гаргасан есөн компани Хөгжлийн банкинд материал өгснөөс, эхнээс нь санхүүжилт олгож байна.

-Зээл хүсэгчдэд ямар шалгуур тавьж байна вэ. Шороон, үндсэн ордуудаас аль нь илүү хүсэлт гаргаж байна?
-Уулын ажлын төлөвлө­гөөгөө албан ёсоор батлуулсан, ТЭЗҮ зэрэг  бичиг баримтууд нь бүрэн, тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд Хөгжлийн банкнаас тавьсан санхүүгийн шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлт гаргах боломжтой. Тухайлбал, барьцаа хөрөнгөтэй байх, зээл эргэн төлөх баталгаатай байх зэрэг шаардлага бий. Тэгээд банк зөвхөн эргэлтийн хөрөнгөд санхүүжилт олгох учраас шороон ордын ашиглалт явуулж буй компаниуд түлхүү хүсэлт гаргаж байна. 1992 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Алт-1”, “Алт-2000” хөтөлбөрийн хүрээнд хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байсан юм байна лээ. 

-Ашигт малтмалын тухай хуулинд 2014 онд нэмэлт  өөрчлөлт оруулж алтны нөөц ашигласны төлбөр таван хувь байсныг 2.5 хувь болгон бууруулан, өсөн нэмэгдэх татварыг тэг болгосон. Мөн алт олборлогчид Монголбанкинд үнэт металаа дэлхийн зах зээл дээрх үнээр борлуулах боломжтой болсон нь алтны олборлолт, тушаалт нэмэгдэх шалтгаан болсон. Цаашид алтны үйлдвэрлэлийн хууль, журмыг сайжруулах тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Алтны нөөц ашигласны төлбөрийг бууруулснаар Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс өсч, өнгөрсөн онд 18 тоннд хүрсэн. Түүнээс өмнөх жилүүдэд 5-11 мянган тоннд хүрч байсан юм. Харин 2005 онд  24.1 тонн алтыг олборлож байсан нь хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогддог. Тухайн жил 23.8 тонн алт экспортолсон нь нийт экспортын орлогын  31 хувийг эзэлж байсан. “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд таван зорилт дэвшүүлсэн. Тухайлбал, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг бий болгож,  нөхөн сэргээлтийн үр дүнг сайжруулан, татвар, хууль эрх зүйн, тогтвортой орчинг бүрдүүлэхээр ажил­лаж байна. Мөн техник, технологийг шинэчлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэ­хүүний үйлдвэрлэл бий болгох зорилготой. Өөрөөр хэлбэл, хариуцлагатай уул уурхайг бий болгохоор зорьсон. 

Энэ хүрэээнд Ашигт малтмал, газрын тосны газар дээр уул уурхайн компаниудын ашиглаж буй техник техно­логийн нарийвчилсан судал­гаа хийж байгаа. Энэ хүрээнд үндсэн болон шороон ордуудын олборлох технологийн шалгалт хийж, хаягдал хэр их гаргаж, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгааг тогтоож байна. Мөн алт агуулсан хүдэр, элс, олборлож баяжуулах, хадгалах, тээвэрлэх журмыг боловсруулан, аж ахуйн нэгжүүдтэй тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Түүнчлэн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг шинэчлэн батлаад байна. Энэ журамд нэлээд өөрчлөлт орсон. Тухайлбал, хуулийн дагуу ажиллаж буй бичил уурхайчид нийгмийн халамж, хамгааллын болон төрийн үйлчилгээг авах боломжтой болсон. Түүнээс гадна Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчилж, хууль бусаар олборлолт явуулсан талбайн мэдээллийн судалгааг авч, цагдаагийн байгууллагатай хамтран судалж байна. 

-Алтны компаниуд хоцрогдсон аргаар олборлолтын ажил явуулж, техник технологийн хүчин чадал муугаас хаягдал их гаргаж байгаа. Мөн бичил уурхайчид гар аргаар алт олборлосоор байна. Тэгэхээр алтны үүсмэл болон хаягдал овоолгыг боловсруулж, нөхөн сэргээлтийг хэрхэн сайжруулах вэ? 
-Шороон ордын хувьд хүндийн хүчээр олборлох арга ашиглаж байна. Энэ нь ус их шаарддаг. Алт агуулж буй элс, шаварны хэмжээнээс шалтгаалан хэр их ус орох, ямар технологи ашиглах нь тодорхойлогддог. Үүнийг түүхий эдийн нөөц, ТЭЗҮ батлуулахдаа шийддэг. Өмнө нь алт олборлогчид усан буу буюу даралттай усаар алт угаах аргыг түлхүү ашигладаг байсан бол одоо Шинэ Зеланд, АНУ-аас авчирсан тоног тө­хөө­рөмжийг хэрэглэж бай­на. Тэ­гэхээр ер нь ашиглаж буй тө­хөө­рөмжүүд сайжирч байгаа. 

-Алтны үндсэн ордуудын хөрөнгө оруулалтын өртөг өндөр, баяжуулалтын зардал нь шороон ордынхоос их гэдэг. Гэвч сүүлийн жилүүдэд шороон ордын нөөц багасч байгаа. Тэгэхээр цаашид алтны олборлолтын зардал нэмэгдэх төлөвтэй гэж ойлгож болох уу? 
-Алтны шороон ордуудын нөөц багасч байгаатай холбог­дуулан үндсэн ордуудыг эргэлтэд оруулах нь тулгамд­сан асуудал болоод байна. Сүүлийн жилүүдэд шороон орд олборлогч аж ахуйн нэгжүүд үндсэн орд руу орох хандлагатай болсон. Өнгөрсөн тавдугаар сард манай яам 30 гаруй алтны үндсэн орд эзэмшигчидтэй уулзаж, тулгамдсан буй асуудлыг хэлэлцсэн. Үндсэн ордын алт олборлохдоо тэслэх, өрөмдөх зэрэг олон шат дамжлагатай ажил хийдэг учраас зардал өндөр гардаг. Мөн баяжуулахын тулд химийн, хүндийн жингийн арга ашигладаг нь зардлыг өсгөдөг юм. Гэвч үндсэн ордын үйл ажиллагаа харьцангүй тогтвортой, олон жил ашиглах боломжтой л доо. Цаашид үндсэн орд руу шилжихээс өөр аргагүйд хүрсэн. Ашиглалтад бэлтгэсэн нөөц хангалттай бий. Өнөөдрийн байдлаар шороон ордын бэлтгэгдсэн нөөц 27-30 тонн орчим л байна. Харин үндсэн ордын нөөц 300 гаруй тонн байна. Мөн энэ онд шорооны ордын 17, үндсэн ордын хоёр хайгуулын ажил үр дүнг хэлэлцэн улсын нөөцийн санг 4393 кг нөөцөөр нэмээд байна. 

Нөгөө талаар үндсэн ордыг ашиглахын тулд маш сайн тооцоо хийж, ТЭЗҮ-г батлуулахгүй бол эрсдэл өндөртэй. Харин шороон  ордын нөөц шавхагдаж байгаа боловч “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд сэдэвчилсэн судал­гааны ажлыг эхлүүлээд байгаа. Энэ хүрээнд нөөц нь өсөх магадлалтай бүс нутгуудыг ялгана. Ингэснээр шороон ордуудын нөөцийг ойрын хэдэн жилд өсгөх боломж байгаа. Дээр нь Сэлэнгэ, Заамрын нутагт нөөц нь нэмэгдэх нь боломжтой газрууд нэлээд байгаа. Хамгийн гол нь тодорхой хэмжээний хуулийн зохицуулалт хийж, өөрчлөлт оруулах, орон  нутгийн тусгай хэрэгцээнд авсан газар нутгийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс гар­гасан судалгаанаас харахад шороон ордын нөөц жилд таван тонноор нэмэгдэж бай­на. Харин үйлдвэрлийн хэмжээ сүүлийн хоёр жил 14-18 тонноос буураагүй. Энэ жил 20 орчим тоннд хүргэнэ гэсэн зорилт байгаа. Үүний дийлэнхийг нь шороон ордоос олборлодог. Тэгэхээр шороон ордын нөөц багасч байгаа ч түүнийг хөтөлбөрийн хүрээнд нэмж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бий. 

-Бид одоогоор зөвхөн түүхий эдээ олборлож, баяжуулан ОХУ, Их Британи, Япон зэрэг оронд өндөр зардалтайгаар цэвэршүүлж байна. Алт цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулснаар түүхий эдээ олон улсын зах зээлд шууд борлуулах, үнэт металлын эцсийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болох боломжтой. Одоогоор үйлдвэр байгуулах  ажил ямар төвшинд байна вэ?
-Энэ асуудлаар өнгөрсөн гуравдугаар сард Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголбанк, Стандарт хэмжил зүйн газар “Эрдэнэс Монгол” компанийн төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулагдсан. Одоогоор үйлдвэрийн техно­логийн харьцуулсан судалгаа, ТЭЗҮ боловсруулж, тендерийн сонгон шалгаруулалт явуу­лахаар ажиллаж байна. Ирэх 2019 онд үйлдвэр байгуулж эхлэхээр төлөвлөсөн. Урьдчил­сан тооцолсноор жилдээ 15-20 тонн алт цэвэршүүлэх боломжтой. 

-Манайд алтыг тонноор хэмждэг бол дэлхийн зах зээлд трой унциар хэмждэг. Энэ нь олон улсын зах зээл дээр шилжүүлэхэд ямар нэг бэрхшээл тулгардаг болов уу. Цаашид хэмжилтийн нэгж өөрчлөгдөх үү?
-Алт олборлогчид Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд нөөц оруулах, уулын ажлын төлөвлөгөө, ТЭЗҮ батлуулахад нөөцийг тонноор л хэмжиж байгаа. Харин олон улсны зах зээл дээр гаргах, мэдээлэл түгээхдээ хэмжээг нь шууд хөрвүүлчихдэг учраас ямар нэг хүндрэл үүсдэггүй. Нэг унци алт 31.1 граммтай тэнцдэг. Хэмжилтийн нэгжийг өөрчлөх шаардлагатай гэж үзвэл энэ нь Стандарт хэмжил зүйн газартай холбоотой асуудал болох байх. 

-Сүүлийн жилүүдэд  дэлхийн бусад алтны уурхайн үйл ажиллагааны зардлаа бууруулж, хайгуулын санхүүжилт багасгаж байгаа гэсэн. Тэгээд алтны томоохон хэмжээний шинэ орд илрүүлэхгүй, зөвхөн хуучин ордууд дээр төвлөрөн ажиллаж байгаа тухай мэдээлэл гарсан. Тэгвэл манай алтны компаниудын хөрөнгө оруулалт болон зардал хэр нэмэгдэж байгаа бол? 
-Хайгуулын ажил маш их эрсдэл дагуулдаг. 1000 хайгуулын төслөөс ганцхан уурхай шалгарч, орд болох тохиолдол бий. Манай оронд үндсэндээ хайгуулын ажлыг хувийн хөрөнгөөр гүйцэтгэн, нөөцийг  нь тогтоож байна. Жилээс жилд хайгуулын болон ашиглалтын зардал уулын геологийн нөхцөлөөс болж хүндэрсээр байгаа. Шороон ордын 20 метр гүнийг хэдхэн жилийн өмнө их гэж үзэж байсан бол одоо зарим ордод 70-80 метр гүнд олборлолт явуулж байна. Тэгэхээр ашигт малтмалын орд гүнд байрлах тусам хайгуул, олборлолтын зардал төдий чинээ нэмэгддэг. 

Хуучин төслүүд ерөнхий­дөө сэргэж байна. Өнгөрсөн гуравдугаар сард хоёр, гурван компани гаднын хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах гэрээ хийсэн. Хөрөнгө оруу­лалтыг татахын тулд лиценз олголтыг эрчимжүүлэх шаард­лагатай. Энэ хүрээнд  сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох ажил энэ оны нэгдүгээр сараас эхэлсэн. Мөн хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар олгох бэлтгэл ажил дуусч энэ долоо хоногоос эхэлж байна. 

Ш.ЦОГЗОЛМАА

Эх сурвалж: Undesniishuudan.mn

Сэтгэгдэлүүд