Өрх гэр тусгаарлаж, охинтой болсон залуу гэр бүлийн эзэнд хариуцлагатай эр нөхөр, эцэг хүний үүргээ биелүүлэх амьдралын шаардлага тулгарч нэгэн хувийн компанид жолоочоор орж ажлын гараагаа эхэлжээ. Хүний амь нас хариуцан ажилладаг үүргээ чанд ухамсарлан, тээврийнхээ аюулгүй ажиллагаа, бүрэн бүтэн байдалд анхаарч ажилладаг хариуцлага өндөртэй нэгэн тул Засаг даргын тамгын газарт хүртэл жолоочоор ажиллаж явжээ. 20 орчим жил хувийн болон төр засгийн байгууллагын даргын жолоочоор ажиллах хугацаанд хүүхдүүд нь эхнээсээ өрх тусгаарлан, их дээд сургуульд сурах насанд хүрчээ. Хоёр охиноо өндөр боловсрол, мэдлэгтэй хүн болгохыг хүссэн жолооч аавын цалин сургалтын төлбөрөөс хэтрэхгүй, амьдралд хүрэлцэхээ байсан тэр л үед нутагт нь илэрсэн жоншны орд руу хуйлрах бусад аймгийн “нинжа” нартай өрсөн жоншны хүнд хүчир хөдөлмөрт орохоос өөр сонголт түүнд үлдсэнгүй
Суманд ажилгүйдэл улам бүр нэмэгдэж, иргэдийн амьжиргааны түвшин буурч нутгийн иргэд байгалийн баялгаас хүртэж амьжиргаагаа дээшлүүлэх гэсэн бодлоор анх хувиараа тэмцэж эхэлж байлаа. Дан ганцаараа нинжа байдлаар ажиллах нь үнэхээр амь дүйсэн хэрэг, албан ёсны олборлолт хийх газар байхгүй учир хууль хяналтынхны ар хударгаар жаахан олборлолт хийнэ. Харамсалтай нь ихэнхдээ баригдан амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавин байж олсон хэдээ торгууль татаасанд өгсөөр таардаг байсан үеэ одоо эргээд бодоход залуу насны аагаар л энэ бүхний ард гарсан байхдаа гэж бодогддог юм. Үнэхээр хэцүү байсан даа гэж тэрээр толгой сэгсэрч байлаа.
Ийм байдлаар цааш ажиллах боломжгүйг ойлгосон, угийн чамбай, юманд ул суурьтай ханддаг тэрээр эзэмшсэн мэргэжлийнхээ үр дүнг одоо л гаргах цаг болсныг ойлгон өөрийн хувийн компанийг байгуулан холбогдох хууль, дүрэм журмыг уншин судалж, нөхөрлөлийн зохион байгуулалтын доор нутгийн ажилгүй 200-аад иргэнийг нэгтгэж чадсан байна. Олборлолт хийх газрын зөвшөөрөл авахаар шаардлагатай бүхий л баримт бичгийг бүрдүүлж иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулан уйгагүй хөөцөлдсөний үр дүнд 2010 онд зөвшөөрлөө авснаар албан ёсны эрхтэй бичил уурхай эрхлэгч байгууллагын тоог нэгээр нэмж, олон арван нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эрх ашгийг хамгаалан ажиллаж байна.
Нэгэнт орон нутгийн удирдлагаас итгэл үзүүлэн боломж олгож байхад тэрээр жинхэнэ утгаар нь жоншны олборлолтын жишиг суурьшлын бүс байгуулж, нинжа нараас “бид өөр шүү” гэдгийг нутгийн удирдлага болон ард иргэдэд харуулахын тулд толгойдоо олон жил төсөөлж, мөрөөдөж явсан бүхнээ ажил хэрэг болгохын төлөө хамт олныхоо хүчээр ихийг хийсэн талаараа ийн дурслаа.
Хамт олноо ая тухтай, эмх цэгцтэй, эрсдэлгүй орчинд амьдруулах, тэдний өдөр тутмын ажил хэргийг хөнгөвчлөх тал дээр анхаарлаа нэн тэргүүнд хандуулжээ. Тиймээс уурхайчдынхаа гэрийг гурван эгнээнд нэг шугамд өрсөн мэт зохион байгуулж, тойруулаад тоног төхөөрөмжүүдээбайршуулж, цаашлаад суурьшлын бүсийг бүхэл нь тойруулан тусгай тэмдэг, тэмдэглэгээ бүхий туг дарцаг зоож хэн ч харсан ойлгомжтой, хүссэн газартаа хялбархан хүрэх нөхцөлийг бүрдүүлжээ.
Байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдээлэл бүхий самбаруудыг уурхайчдын нүдэнд ил харагдахаар өндөрт өлгөсөн нь гишүүдэд өөрсдийн эрхээ мэдэх, хамгаалах, өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангахад ихээхэн хэрэг болдог зүйлийн нэг болжээ.
-Гишүүд маань энэ бүгдийг чээжээрээ мэддэг, өдөр тутмын үйл ажиллагаандаа тогтмол хэрэглэж заншсан шүү... гэж тэр бахархалтай нь аргагүй өгүүлж байв.
-Бичил уурхайчдынхаа ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс цайны газар, дэлгүүр, үсчин, халуун ус зэрэг нийтийн үйлчилгээний газруудыг нэг дор төвлөрүүлсэн байна. Нэгдсэн зохион байгуулалт бүхий машины зогсоолтой, машинууд нь суурьшлын бүсийн аль хэсэгт нэвтрэхээсээ хамаарч өөр өөр өнгийн тусгай зөвшөөрлийн бичигтэй. Ер нь л уурхайчдын ажлыг хөнгөвчлөх олон санал санаачилгыг хэрэгжүүлсэн дээ... гэх түүний ярианаас хөдөлмөрч хичээнгүй зан, хамт олных нь нэгдмэл байдал харагдана.
-Бидний ажлыг шалгахаар ирсэн албаны хүмүүс, сайн туршлагатай танилцахаар ирсэн бүх хүн нэгэн дуугаар, бичил уурхайн суурьшлын бүс ийм л байх ёстой юм байна, үнэхээр мундаг зохион байгуулж чаджээ гэдэг. Хийсэн ажлаа үнэлүүлж, урмын үг сонсохоор улам илүү, бүр ихийг хийх хүсэл зориг төрдөг юм... гэх түүний үг хийж бүтээсэн ажлуудаасаа баяр баясал мэдрэн буйг нь илхэнээ харуулна.
Эдний хамт олон 2010 оноос эхлэн олборлолт хийх зөвшөөрөл авсан бүх газартаа олборлолтынхоо дараа ухсан нүхийг эргүүлэн булж, орон нутагт тохирох ургамлын үрийг түүж хатаан 10 сарын сүүлээр цацах зэргээр нөхөн сэргээлтийн ажлыг өөрсдийн хүчээр хийж гүйцэтгэн орон нутгийн захиргаандаа хүлээлгэн өгсөөр иржээ. Хамт олон нь нөхөн сэргээлтийн тал дээр улам туршлагажиж байгаа гээд “нинжа” нарын ухаж орхисон 10 га газарт 2015 онд нөхөн сэргээлтийн ажлыг хийж хүлээлгэн өгсөн, энэ жил дахин 5.0 га газарт хийхээр дэмжлэг аваад байгаагаа хуваалцлаа. Цаашдаа нөхөн сэргээлтийн чиглэлд түлхүү ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа дурдаад,
-Байгалийн нөөцөөс ашиглахаас өөрөөр амьжиргаагаа залгуулах боломж бололцоог сүүлийн үед ихээхэн судалж байгаа... гэв.
Орон нутагтаа ноос угаах үйлдвэр байгуулах хэрэгцээ шаардлага байгааг харсан тэрээр энэ чиглэлд өөрийн бизнесийг эхлүүлэхээр төслийн төлөвлөгөө бичиж, удахгүй ажил хэрэг болгон орон нутагтаа тогтвортой ажлын байрыг бий болгон, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах мөрөөдөл тээгээд явж байна даа гэсээр итгэл дүүрэн алхална.