Бичил уурхайн Мэдлэгийн төвийн цахим платформ нээгдлээ
2018-03-01

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа Тогтвортой бичил уурхай төслийн хэрэгжилтийн хүрээнд “Бичил уурхайн Мэдлэгийн төв”-ийн цахим платформыг бий болгож, өнөөдөр нээлтээ хийлээ.

Энэхүү цахим платформ нь хамтрагч талууд мэдлэг, мэдээлэл олж авах, хуваалцах, суралцах, хадгалах хамгийн тохиромжтой бааз суурь бөгөөд нийгэм, байгаль орчны хариуцлагатай бичил уурхайн сайн туршлагыг нэвтрүүлэх, түгээхэд хувь нэмрээ оруулах юм.

Нээлтийн арга хэмжээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, бичил уурхайчдын төлөөлөл оролцлоо.

 

Арга хэмжээг нээж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал хэлсэн үгэндээ “ Монгол Улсын Засгийн газар бичил уурхайн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хуулийн хүрээнд зохицуулах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд 2017 онд Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталсан. Эдгээр эрх зүйн актууд болон бичил уурхайн талаарх бусад мэдээ, мэдээллийг энэхүү Мэдлэгийн төвийн цахим платформоос авах бүрэн боломжтой. Бичил уурхайн Мэдлэгийн төвийн цахим платформын цаашдын амжилтад бичил уурхайтай холбоотой бүхий л байгууллага, судлаачид, иргэдийн оролцоо, идэвх санаачилга чухал ач холбогдолтой” гэдгийг онцлон хэллээ.

“Тогтвортой бичил уурхай төсөл нь Монгол Улсын бичил уурхайн салбарт тулгамдаж байгаа сорилтуудыг даван туулах, олон улсын бичил уурхайн жишигт нийцүүлэх, бичил уурхайн сайн туршлагуудыг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн. Төслийн хамтрагч байгууллагуудын мэдлэг, туршлага дээр үндэслэн Бичил уурхайн мэдлэгийн төвийн цахим платформ өнөөдөр нээлтээ хийж улмаар УУХҮЯ-нд хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна” гэж ШХА-ийн дэд захирал Илариа Дали хэллээ.

Бичил уурхайн Мэдлэгийн төв нь цахим платформ дээр суурилсан мэдээллийн суурь бааз бөгөөд бичил уурхайтай холбоотой мэдээ, мэдээллийг олж авах, суралцах, харилцан солилцохоос гадна олон улсын бичил уурхайн мэдлэг, мэдээлэлтэй танилцах, холбох гүүр болно хэмээн холбогдох талууд үзэж байна.

Сэтгэгдэлүүд