Бичил уурхайн хөгжилд зориулсан он жилүүд
2017-08-21

Аливаа ажлыг эхэлсэн бол дуусгадаг ясны хөдөлмөрч зантай Д.Туяа Сэлэнгэ аймгийн Мандал сумандаа төдийгүй өөр бусад олон газарт “нинжа” буюу хууль бусаар ашигт малтмал олборлогчдын зохион байгуулалт, нийгмийн орчныг сайжруулахад залуу нас, амьдралын эрч хүчээ зориулсан нэгэн. Олны итгэл дааж, хүний төлөө тэмцэж чаддаг түүнийг өдгөө орон нутгийн иргэд андахгүй. Багийн иргэдийн нийтийн хурлын даргын албыг найман жил дараалан гүйцэтгэж яваа түүний эрхэлж буй ажил, хариуцлагын хүрээнд иргэдийн нийгмийн асуудал, эмэгтэйчүүд, эмзэг, ядуу иргэдэд тусламж хүртээх, эрх ашгийг нь хамгаалах гээд дуусашгүй их ажил, асуудал хамаарна. Багийн түвшинд, иргэддээ хамгийн ойр байх нэгж дээр ажиллана гэдэг түүний хувьд нийгмийн үүрэг, нийтийн итгэлт томилгоо юм.

Ажлын байр байхгүй, ихэнх хүмүүс бичил уурхайгаар амьж зууж байсан учир бусдын адил Баруунхараа суманд алт олборлохоор явсан нь түүний амьдралыг энэ салбартай салшгүйгээр холбосон юм.

-Уурхайн амьдрал маш хүнд байсан. Нинжа гэдэг нэр чинь ногоон түмпэндээ ч биш, эдгээр хүмүүсийн хүмүүжил, хүн чанарт асар их сөрөг өөрчлөлт орж, хоорондоо хэрүүл тэмцэл хийх, бүдүүлэг харьцах, олуулаа цугласан эрчүүд архидах гэх мэт үйлдлүүдтэй нь ч холбоотой нэр. Ажиллаж байгаа орчин, нөхцөл нь маш хүнд, уур нүдүүрээс өөр олигтой багажгүй л байлаа. Хэн ч эдгээр хүмүүст анхаарал тавьж байсангүй, хууль журам юу ч үгүй юм шиг л авирлаж байсан үе... хэмээн тэр үеийн нөхцөл байдлыг биеэр үзэж туулсан хүний хувьд дүрслэн өгүүлсэн юм.

Д.Туяа угийн л асуудалд шүүмжтэй ханддаг, нийтийн төлөө гэсэн сэтгэлтэй нэгэн учраас алт олборлогчдод тулгамдаад байгаа асуудал бүрийг нухацтайгаар харж дүгнэн, өөрчлөлт хийхийн төлөө тэмцэж, тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн өөрчлөх талаар бодож явдаг байжээ. Тэр л чанараараа одоогийн нөхцлийг хэрхэн сайжруулах, яаж өөрчлөх талаар бодож, төлөвлөж байтал “алтныхныг дэмждэг” төсөл орж ирсэн талаар хүнээс сонсоод, Улаанбаатар хот руу өөрийн биеэр тус төслийг сураглан очсон байна. Чингээд, төслийн удирдлагуудтай уулзаж, зохион байгуулалтгүйгээр, хууль дүрмийн дагуу ажиллахгүйгээр цааш албан бусаар бичил уурхай эрхлэх боломжгүй гэдгийг ойлгон, албан ёсны зохион байгуулалтад орохоор шийдсэн байна.

Сум, орон нутгийнхаа хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг нэгтгэн “Дууш Мандал Хайрхан Холбоо” төрийн бус байгууллагаа 2008 онд байгуулаад тэрээр тэргүүнээр нь ажиллах болсон юм. Байгууллагаа байгуулж, хамт олноо бүрдүүлэн тэднийгээ удирдан чиглүүлж, зөвхөн алт олборлоод зогсохгүй хамт олноороо эвсэж ажиллах, олны хүч, эв нэгдэлтэй хамтран ажиллахын ухааныг тэр бичил уурхайчиддаа төлөвшүүлж чадсан нэгэн.

Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөлтэй холбогдож, төслөөс зохион байгуулах бүхий л сургалт, арга хэмжээнд байгууллагын гишүүдээ хамруулан, энэ л төслийн үр нөлөөгөөр “зөвхөн ганц алт олборлоод байх биш” хамтаараа ажиллах, нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө байх, нийгмийн үүргээ ухамсарласан сайхан хамт олон бий болгож чаджээ.

-Олон янзын үзэл бодолтой хүмүүсийг хамт олон болгосон байна. Миний оролцоогүйгээр бүх зүйл нэг тогтолцоонд ороод, байгууллага шиг байгууллага болгож чадсанаа харахаар түүндээ сэтгэл хангалуун, баяртай байгаа. Төрийн бус байгууллагаа хөл дээр нь босгохдоо огт мөнгөгүй болтлоо зүтгэж байсан үе бий ч гишүүдтэйгээ хамтран ажиллаж, тэднийгээ аливаад эерэгээр ханддаг төдийгүй бусдын төлөө амьдрах, бусдад өөрийгөө зориулж чаддаг байхыг ойлгуулж, хамт олноо баг шиг баг болтол нэгтгэж чадсан, мөнгөнөөс илүү үр нөлөөг харж байгаа нь хамаагүй сайхан мэдрэмж... гэсэн нь түүний хийж бүтээснээс авсан их ухаарлыг илтгэх ажээ.

Бичил уурхайчид, тэр дундаа эмэгтэйчүүдийг өөр ажилд шилжүүлэх талаар гурван жилийн өмнөөс анх ярьж, үүнийг хэрэгжүүлэхэд илүү их дэмжлэг хэрэгтэй талаар Д.Туяа өгүүлж байлаа.

Тэрээр өөрийн санаачилгаар, бичил уурхай эрхлэгчдээ орлогын өөр эх үүсвэртэй болоход дэм өгөх үүднээс замын хавтангийн жижиг цех ажиллуулан, авто замын хашлага, явган замын хашлага хийхийн хажуугаар зургаан хүнийг байнгын тогтмол ажлын байраар хангаж байгаа юм. Улмаар 2016 онд цехээ өргөжүүлэн төмөр бетонон хээтэй угсардаг хавтан хийж байгаа гэх мэтчилэн түүний хийж бүтээж байгаа үйлс бүхэн урагштай байна. Түүнийг нутгийн бусад бизнес эрхлэгчид анзааран таньж, бизнесийн санал тавих нь олон гэнэ. Тухайлбал, саяхан нэгэн бизнес эрхлэгч дугуйн диллер буюу албан ёсны борлуулагч хийх ажлыг түүнд санал болгосон гэнэ. Түүнчлэн харъяа багийн 100 гаруй өрхийн цэвэр усны асуудлыг шийдсэн зэрэг олон ажлууд нь түүнийг бусдын төлөө сэтгэлтэй нэгэн гэдгийг гэрчилж байна.

Мөнгөн усгүйгээр баяжуулах цех-үйлдвэр байгуулах талаар бодож, сэтгэж, хичээж байгаа нь мөн л иргэдээ ажлын байртай, тогтмол орлоготой болгож амьдралд нь дэм болгох юмсан гэх чин хүслийнх нь үр хөврөл юм.

Сэтгэгдэлүүд