"Бичил уурхайн эрх зүйн орчин" бүсийн сургалтууд амжилттай зохион байгуулагдлаа
2017-11-03

Бичил уурхайчдын эрх зүйн орчныг бүрдүүлэхээр Засгийн газрын 151 дүгээр тогтоол шинэчлэгдэн баталсан. Өөрөөр хэлбэл, бичил уурхайчид ашигт малтмал олборлохдоо энэхүү журмыг баримтална гэсэн үг юм. Гэхдээ энэ тогтоол хэр хэрэгжиж буй талаар дүгнэхэд арай эрт байгаа юм. Сүүлийн жилүүдэд бичил уурхайчид бүртгэгдсэн болон бүртгэгдээгүй нөхөрлөл, хоршооны хэлбэрт шилжиж, ашигласан талбайгаа биологийн болон техникийн нөхөн сэргээдэг хариуцлагатай болсон.

Манай төсөл 2005 оноос манай улсад бичил уурхайг зохион байгуулах, албажуулах, хариуцлагатай бичил уурхайг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн. Уг төслийн дөрөв дэх үе шат нь эдийн засгийн хувьд тогтвортой, байгаль орчны хариуцлагатай, хүний эрхэд суурилсан бичил уурхайн талаарх олон улсын сайн туршлагаас суралцах, үр шимийг хүртэх, хувь нэмэр оруулах зорилготой юм. Уг сургалтыг улсын хэмжээнд нийт дөрвөн бүсэд зохион байгуулж байгаа бөгөөд сургалтаар бичил уурхай бүхий 15 аймаг, 70 сумын удирдлага, төрийн албан хаагчид, бичил уурхайчдын төлөөлөл болох 600 гаруй хүн шинээр батлагдсан бичил уурхайн хууль тогтоомжийн талаар нэгдсэн ойлголттой болж, гарын авлагаар хангагдаж байгаа юм.

Үүний нэг нь Увс аймагт болсон “Бичил уурхайн эрх зүйн орчны шинэчлэл” сэдэвт баруун бүсийн сургалт. Бичил уурхайчдыг чадавхжуулах тус сургалтыг Увс аймгийн ЗДТГ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Тогтвортой бичил уурхай төсөл хамтран зохион байгууллаа.

"Бичил уурхайн журам шинэчлэн батлагдсан нь ихэд ач холбогдолтой боловч үүнийг хэрэгжүүлж, ажил хэрэг болгоход бүх талуудын оролцоо буюу төрийн захиргааны байгууллагууд, аймаг сумд болон бичил уурхайчид та бүгдийн оролцоо илүү чухал юм." хэмээн ШХА-ийн дэд захирал Илария Дали онцолсон юм.

Энэ хууль, журмын талаар нэгдсэн ойлголттой болж хэрэгжүүлэх, хувиараа ашигт малтмал олборлогчдыг бичил уурхайн зохион байгуулалтад оруулах, ашигт малтмалын хууль бус олборлолтыг зогсооход хувь нэмэр оруулахад бүсийн сургалтын бас нэг зорилго оршиж байгаа юм. Дээрх сургалтад оролцогчдод Засгийн газраас шинэчлэн баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Бичил уурхайн аюулгүй байдлын дүрэм", Байгаль орчин, аялал жуучлалын сайд, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар баталсан "Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлал” болон Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг танилцуулж шинэ мэдээллийг өгсөн юм.

Сэтгэгдэлүүд