2005 оноос эхлэн “Тогтвортой бичил уурхай” төслийг нийт дөрвөн үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн, одоо төслийн төгсгөлийн буюу дөрөв дэх үе шатандаа ирээд байна. Бичил уурхайг албажуулах, бичил уурхайчдыг чадавхижуулахад эхний гурван шатаа зориулсан энэ төсөл бичил уурхайгаар олборлосон алтны нийлүүлэлтийн сүлжээг ил тод болгох тогтолцоог бий болгосноор ирэх 2019 оны арванхоёрдугаар сард дуусгавар болох юм. Төсөл дуусах хүртэл хийхээр зорьж байгаа бас нэгэн том ажил бол бичил уурхайн чиглэлийн мэдээллүүдийг олон нийтэд түгээх, сайн туршлага, сургамжуудыг хуваалцах үүднээс “Цахим платформ”-ыг хөгжүүлэхээр эхлэлийг нь тавиад буй. Тухайлбал, алт өнөөдөр хэдэн төгрөгийн ханштайг ч мэдэлгүй уулын мухарт ажиллаж байгаа бичил уурхайчдад зориулан цахим аппликэйшнийг бий болгосон.
Бидний дор өгүүлэх гэж буй бичил уурхайчдын сайн туршлагууд өнөөдөр бий болох хүртлээ амар, хялбар, шулуун, дардан замыг туулж ирсэн үү гэвэл бас үгүй. Төрийн болон төрийн бус, олон нийтийн болоод олон улсын байгууллага гэх мэт маш олон талын оролцооны нөлөөгөөр өнөөгийн энэхүү эмх цэгцтэй, ёс суртахуунтай тогтолцоог бий болгож чаджээ.
Бичил уурхайчдыг нэгдсэн зохион байгуулалтад оруулснаар Монгол Улс нийгмийн хамгийн үнэт баялаг болох “ХҮН”-ээ аварч үлдэж чадсан юм. Ямар ч зохицуулалтгүй, хэнээс ч хамааралгүйгээр газар ухаж амьдралаа залгуулж байсан тэрхүү иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн даатгал битгий хэл, ая тухтай амьдрахад нь шаардлагатай наад захын хэрэгцээгээр дутаж, хүний эрхийн маш олон зөрчил тэнд бий болж байв.
ХЭҮК-оос өнгөрсөн хугацаанд ШХА-тай хамтран бичил уурхайчдыг бусадтай эрх тэгш байх нөхцлийг нь бүрдүүлэхийн тулд хийсэн хамгийн чухал ажил бол төрийн байгууллагуудын албан хаагчдын хүний эрхийн талаарх хандлагыг өөрчилж, тэдэнд ухуулж чадсан явдал. Өөрөөр хэлбэл, бичил уурхайн талаар төрөөс авч хэрэгжүүлэх бодлогыг хүний эрхэд суурилуулахад чухал нөлөө үзүүлсэн юм.
Эмх замбараагүй байдлыг цэгцэнд оруулна гэдэг, ийм байдалдаа дасчихсан хэдэн мянган хувиараа ашигт малтмал олборлогч иргэнийг нэгтгэнэ гэдэг магадгүй хамгийн хүнд нь байж мэднэ. Яагаад гэхээр хүний ухамсрын түвшинд хийж буй өөрчлөлт гэдэг хамгийн хүчирхэг нь байдаг.
Хүний амь нас хувинтай шорооноос ч дор үнэлэгдэж байсан энх цагийн “дайн”-ы тэр талбараас “нинжа”, ХУВИАРАА АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОГЧ /ХАМО/ иргэдийг татан гаргаж, нүдийг нь нээж, чихийг нь онгойлгох хүндхэн ажлыг “Монголын бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо” ТББ-ыг үүсгэн байгуулагчид анх зориглон зохион байгуулсан түүхтэй.
Эвлэлдэн нийлж төр, засагтаа дуу хоолойгоо хүргэхээр сэтгэл шулуудсан арав гаруй иргэний санаачлага анх 15 аймгийн 3000 гаруй бичил уурхайчныг эгнээндээ амжилттай нэгтгэснээр биеллээ олж, “Бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо” ТББ бий болж байв. Өдгөө “Бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо”-нд 15 аймгийн 6,500 бичил уурхайчин нэгджээ. Бичил уурхайн хамааралтай сумд нэгдэн аймгууддаа мөн салбар холбоотойгоор төр, захиргааны байгууллагатайгаа хамтран ажиллаж байна.
Энэ бүхний үр дүнд өнөөдөр бичил уурхайн хамааралтай иргэд хүн ёсоор амьдарч байна. Эвдэгдэж, сүйдсэн байгаль дэлхий маань эдгэж, газрын шарх аньж байна. “Тиймээ!” Энэ бидний хүссэн үр дүн мөн биз дээ!