Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны (Холбоо) гишүүн байгууллагууд 2017 оны ажлаа дүгнэн хэлэлцэж зөвлөлдөн хуралдлаа. Тус зөвлөлдөх уулзалтад нийт 15 аймгийн 26 сумын 48 байгууллагын бичил уурхайчдын төлөөлөл оролцлоо.
2017 онд Холбооны зүгээс хариуцлагатай бичил уурхайн гишүүддээ үйлчилгээгээ тогтвортой үзүүлж ажилласан зэрэгцээ шинээр хувиараа ашигт малтмал олборлогч иргэдэд зохион байгуулалтад орж, хуулийн хүрээнд хэрхэн ажиллах талаар зөвлөн туслах ажлаа зохион байгуулан амжилттай ажиллажээ. 2017 оны 12-р сарын байдлаар тус холбооныгишүүнчлэлийн хүрээ өргөжиж нийт 71 байгууллага, 6500 гишүүдтэй болжээ.
Тус зөвлөлдөх уулзалтыг Холбооны тэргүүн Б.Наранцогт, ТБУТ-ийн Төслийн зохицуулагч Б.Алтанбагана нар нээж үг хэлснээр эхэлсэн юм. Тэд, хариуцлагатай бичил уурхайг төлөвшүүлэхажил Монгол улсад амжилттай хэрэгжиж, бичил уурхайчид нинжа хэлбэрээс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хариуцлагатай бичил уурхайчид, зохион байгуулалттай байгууллагууд болон үйл ажиллагаа нь амжилттай өргөжин хөгжиж байгаад санал нэгдэж, “Тогтвортой бичил уурхай төсөл”дуусах дөхөж байгаатай уялдуулан энэ онд цаашид үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэх бэлтгэл ажлыг хангахад анхаарах учиртайг санууллаа.
Тус холбоо нь үйл ажиллагааныхаа хүрээнд Монгол Улсад бичил уурхай эрхэлж байгаа иргэн бүрийг хариуцлагатай бичил уурхайн үзэл баримтлалын дор албан ёсны зохион байгуулалтад орж, нөхөрлөл, хоршоо,төрийн бус байгууллагын хэлбэрээр нэгдэн, Монгол Улсын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулахын төлөө чармайж, өөрсдийн эрх ашгаа хамгаалуулах, байгальдаа халгүй аргаар олборлолт хийх, улмаар ашигт малтмал олборлолтын улмаас эвдэрсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх, сум орон нутгийнхаа эдийн засгийн хувь нэмэр оруулахад нэгтгэх, чадавхжуулах ажлаа амжилттай гүйцэтгэжээ.
Энэ оны хувьд, Холбоо нь Монгол Улсын Засгийн газрын 151-р тогтоолоор шинээр батлагдсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий талуудад журмыг сурталчлах, бичил уурхайчдын сайн туршлагыг орон нутагт түгээх ажилд түлхүү анхаарсан байна.
Мөн 2017 онд тус холбооны гишүүнчлэлтэй төрийн бус байгууллага бүр дээр очиж,гишүүн бүртэй болон орон нутгийн засаг захиргааны нэгж, нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчидтай уулзалт зохион байгуулан тухайн төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны өнөөгийн байдал, гишүүдийн оролцоо, идэвх санаачилга, орон нутагтаа оруулж байгаа хувь нэмэр, нөлөөллийн хүрээ, хариуцлагатай бичил уурхайн үзэл баримтлалын хүрээнд тавигддаг шаардлагаа ханган ажиллаж байгаа эсэхэд хөндлөнгийн үнэлгээ хийлгэн баталгаажуулан ажилласан байна. Гишүүн төрийн бус байгууллагуудын зүгээс ч олон сайн туршлагыг орон нутагтаа хэрэгжүүлж ажилласны дотор Хэнтий аймгийн “Норовлин хамтын хүч” ТББ-ын тэргүүн С.Мөнхсарнайгийн тавьсан илтгэлд дурдагдсан ажлууд үнэхээр сонирхол татахуйц бичил уурхайн байгууллагууд өөр өөрийн орон нутагтаа түгээн хэрэгжүүлэхээр сайн ажил болсныг оролцогчид сайшааж байсан юм. Тус байгууллага нь Бичил уурхайчдын суурьшлын бүс байгуулан, хамт олноороо хариуцлагатай бичил уурхайн шаардлагын хүрээнд журам боловсруулан, бүх гишүүд мөрдөж ажилладаг. Архи тамхи хорт зуршлыг багасгах зорилгоор суурьшлын бүсдээ архидан согтуурахгүй байх гэсэн энгийн дүрмийг мөрдөхөөс эхлээд олон сайхан ажлуудыг зохион байгуулж хэвшүүлж ажиллажээ.
Орон нутгаас бичил уурхайчин гишүүд орон нутагтаа тулгамдаж байгаа асуудлуудаа хуваалцаж, тодорхой шийдлүүдийг санал болгож, холбооны удирдлагын зүгээс гишүүдийн саналыг 2018 оны жилийн ажлын төлөвлөгөө, төсөвт тусгахаар боллоо. 2018 онд Холбооны үйл ажиллагаа тогтвортой үргэлжлүүлэхэд онцгой анхаарч ажиллах, санхүүгийн болоод үйл ажиллагааны хувьд улам сайжруулан бэхжүүлэх, орон нутагт Холбооны салбар холбоодыг байгуулан, үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж ажиллахтай холбоотой зохионбайгуулалтын асуудлын талаар хэлэлцлээ.
Зөвлөлдөх уулзалтын оролцогчид бичил уурхайн салбарт хамтран ажиллах талуудад хүргүүлэх зөвлөмжийг гаргасныг танилцуулснаар тус үйл ажиллагаа өндөрлөсөн юм.