Бичил уурхайчдад таатай орчин бүрдлээ
2017-08-21

Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Тогтвортой бичил уурхайн төслийн Үндэсний зохицуулагч Б.Алтанбаганатай ярилцлаа.


-“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталжээ. Уг журамд ямар өөрчлөлт орсон юм бол. Бичил уурхайчдад үүгээр ямар боломж бий болж байгаа юм?

-Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг баталж зургаан жил гаруй хугацаанд хэрэгжүүлээд энэ оны тавдугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор энэхүү журмыг шинэчлэн баталлаа. Энэ тогтоолоор мөн “Бичил уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийг хамтран боловсруулж, батлан мөрдүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нарт, Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалыг хамтран баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нарт даалгасан.

Журамд зарчмын хэд хэдэн чухал өөрчлөлт орсон.

-Тэдгээр өөрчлөлтүүдийг нь дурдвал?

-Төрийн төв болон орон нутгийн байгууллагуудын үүрэг, оролцооны талаар геологи уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, аймаг нийслэлийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бичил уурхайн талаарх эрх, үүргийг нэмж тусгаж өгснөөр бичил уурхайн холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг бодлогын нэгдсэн удирдлагаар хангах, зохион байгуулах талаар хэн, юу хийх вэ гэдэг нь тодорхой болсон. Түүнчлэн бичил уурхайтай холбоотой төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, зохицуулах чиг үүрэг бүхий салбар дундын зөвлөл байгуулж ажиллуулах тухай заалт нэмж орсон. Учир нь бичил уурхайн асуудал бол зөвхөн уул уурхайн салбарын асуудал биш юм. Бичил уурхайн эргэн тойронд хүний эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин, хүний эрх гэх мэт маш олон асуудал байдаг. Холбогдох салбарын яам, агентлагууд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд бичил уурхайчдад чиглэсэн үйл ажиллагаануудыг тодорхой хэмжээнд авч хэрэгжүүлдэг. Гэтэл эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг хооронд нь уялдуулах, зохицуулах, мэдээлэл солилцох механизм өмнө нь байгаагүй юм.

-Бичил уурхай эрхлэх иргэдэд чухам ямар шаардлага тавьж байгаа вэ?

-2014 оны долдугаар сарын 01-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар бичил уурхай эрхлэх иргэд бүртгэгдээгүй нөхөрлөлөөс гадна хуулийн этгээдийн хэлбэрээр хоршоо, нөхөрлөлийн зохион байгуулалтад орж үйл ажиллагаа явуулахаар хуульчилсан. Энэхүү хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу журамд бичил уурхай эрхлэх иргэд дээрх гурван хэлбэрийн аль нэг хэлбэрээр зохион байгуулагдсан байх шаардлага тавигдаж байгаа.

Тухайн аймаг, нийслэлд оршин суугчаар бүртгүүлсэн байх шаардлага тавигддаг болсон. Ингэснээр аймгийн төвийн сумдын бичил уурхай эрхлэх хүсэлтэй, ажилгүй иргэдийг аль суманд ажиллуулах талаар аймгийн Засаг дарга сумдтай зөвшилцөж шийдвэр гаргах боломж бүрдэнэ гэж ойлгож байгаа. Өмнөх журамд “тухайн орон нутагт бүртгэлтэй иргэн байх” шаардлага тавигддаг байсан учраас хэрэгжилтийн явцад орон нутаг гэдэгт нь аймгийг ойлгох уу, сумыг ойлгох уу гэх мэт тодорхойгүй асуудлууд үүсдэг байсныг шийдвэрлэсэн.

Мөн ашигт малтмалын борлуулалтын тал дээр бичил уурхайн нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөл нь сум, дүүргийн Засаг дарга, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй зөвшилцөж гурвалсан гэрээ байгуулсны үндсэн дээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талбай дээр ашигт малтмал олборлож болохоор журамд тусгасан байгаа. Ийнхүү байгуулсан гэрээний үндсэн дээр ашигт малтмал олборлосон тохиолдолд бичил уурхай эрхлэгчид олборлосон ашигт малтмалыг борлуулахдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр дээр бүртгүүлнэ гэсэн заалт нэмж орсон байгаа.

-Гэрээний хугацааны талаар өөрчлөлт орсон гэсэн?

-Тийм ээ. Сумын Засаг дарга бичил уурхай эрхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг тухайн талбайн ашигт малтмалыг ашиглаж дуусах хүртэлх хугацаагаар байгуулахаар журамд заасан. Хуучин журамд гэрээг нэг жилийн хугацаагаар байгуулж, нэг нэг жилээр сунгаж болно гэж заасан байсан. Энэ заалт нь нэг талаас бичил уурхайчид тухайн талбайд тогтвор суурьшилтай ажиллах, үйл ажиллагаандаа хөрөнгө оруулалт хийх боломжийг хязгаарлаж, нөгөө талаас гэрээ сунгах тухай зохицуулалт нь хоёрдмол утгатай тодорхойгүй байсан. Гэрээний хугацааг нэг жилээр байгуулахад ялангуяа үндсэн ордоос олборлолт явуулж байгаа бичил уурхайчдын хувьд судалдаа хүрэхийн тулд 2-3 жил зарцуулдаг тул гэрээ сунгахгүй байх тохиолдолд маш их хохирол амсах эрсдэлтэй байдаг. Түүнчлэн бичил уурхай эрхлэх талбайн асуудлаар, бичил уурхай эрхлэх боломжтой газрын судалгааг АМГТГ-аас урьдчилж гаргаж өгдөг болсон. Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын асуудлыг шийдвэрлэхэд бичил уурхайчдын бүртгэгдээгүй нөхөрлөл нь сум, дүүргийн Засаг даргад өргөдлөө гаргаад, сум, дүүргийн Засаг дарга нь ИТХ-даа тухайн асуудлыг оруулж хэлэлцүүлээд, гарсан шийдвэрийг үндэслэн Засаг дарга нь шууд АМГТГ-т хүсэлт явуулж талбайн дүгнэлт гаргуулдаг байсан. Одоогийн шинэчилсэн журмаар бичил уурхайчдын нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөл нь сум, дүүргийн Засаг даргад өргөдлөө гаргаад, сум дүүргийн Засаг дарга нь аймаг, нийслэлийн Засаг даргад саналаа явуулна. Аймаг нийслэлийн Засаг дарга нь бичил уурхайн зориулалтаар аймгийн тусгай хэрэгцээнд авах газрын талаар дүгнэлт гаргуулах хүсэлтийг АМГТГ-т явуулна. АМГТГ-аас “боломжтой” гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд аймаг, нийслэлийн ИТХ нь тухайн газрыг бичил уурхайн зориулалтаар аймгийн тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэр гаргасны дараа сум, дүүргийн Засаг дарга бичил уурхайчидтай гэрээ байгуулж талбай олгоно. Аймаг, нийслэл бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талбайн асуудлыг шийдвэрлэхэд оролцдог болсноор тухайн аймаг бичил уурхайн газрын асуудлыг аймгийн хөгжлийн хэтийн зорилттой уялдуулж зохицуулах боломжтой болгосон.

-Шинэ журмаар бичил уурхайчид маань илүү хүч чадалтай тоног төхөөрөмж ашиглах боломж бүрдсэн гэж сонслоо?

-Тийм ээ, нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад орсон бичил уурхай эрхлэгч хуулийн этгээд нь ашигт малтмал олборлохдоо 3500 см3 хүртэлх багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий хоёроос илүүгүй механизмыг ашиглах боломжтой болсон. Хуучин журмаар бичил уурхайн үйл ажиллагаанд 500 см3-ээс дээш багтаамжтай хөдөлгүүр бүхий тоног төхөөрөмж ашиглахыг хориглодог байсан. Ийнхүү ашигт малтмал олборлоход ашиглах машин, механизмын хүчин чадлыг нэмэгдүүлснээр бичил уурхайчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, тогтвортой ажлын байртай болох, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх улмаар орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа. Энэ зохицуулалт нь нэг талаас бичил уурхайг хариуцлагажуулах, зохион байгуулалтын дараагийн түвшинд гаргах, нөгөө талаас бичил уурхайг мэргэжлийн түвшинд нөхөрлөл, хоршооны хэлбэрээр зохион байгуулалтад орж явуулж байгаа хэсэгт давуу эрх, боломж олгож байгаа юм.

-Өнөөдрийн байдлаар хичнээн иргэн хувиараа ашигт малтмал олборлож байгаа вэ. Тэдний хэдэн хувь нь “бичил уурхайчин” гэх албан ёсны тодотголтой явна вэ?

-Монгол Улсад хэдэн хүн хувиараа ашигт малтмал олборлож байгаа талаар албан ёсны статистик мэдээлэл, тоо баримт байхгүй. Албан бус мэдээгээр 60-70 мянга гаруй иргэн энэ үйл ажиллагааг эрхэлж байна гэдэг. Энэ тоо оргил үедээ 100 мянга хүрдэг гэсэн судалгаа байдаг. Эдгээрийн 10 гаруй хувь нь албан ёсны зохион байгуулалтад орж бичил уурхай эрхэлж байна.

-"Нинжа" буюу хувиараа ашигт малтмал олборлогчдын хариуцлагагүй үйл ажиллагаа байгаль орчныг доройтуулах нэг шалтгаан гэдгийг албаныхан хэлдэг. Харин бичил уурхайчид нөхөн сэргээлт хийдэг болсон гэсэн. Энэ талаар ямар тоо баримт дурдах вэ?

-Нэг үеэ бодвол албан ёсоор бичил уурхай эрхэлж байгаа иргэд байгаль орчны хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг болсон. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох боломжтой дүгнэлт гарсан талбайд журмын дагуу сумын Засаг даргатай гэрээ байгуулан нөхөн сэргээлтийн дундын сан байршуулдаг, олборлолтын үйл ажиллагаа дууссаны дараа тухайн талбайд нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэн орон нутагт хүлээлгэн өгдөг. Ингэснээр дараа жил дахин гэрээ байгуулах уу, үгүй юу гэдэг нэг шалгуур тул бичил уурхайчид нөхөн сэргээлт хийж хэвшиж байна. Зохион байгуулалтад орсон бичил уурхайчид байгаль орчны нөхөн сэргээлт гэдэг асуудлыг орхигдуулдаггүй болсон.

ШХА-ийн дэмжлэгтэйгээр Азийн сангийн “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь II” төслийн хүрээнд боловсруулсан Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалыг үндэсний болон орон нутгийн түнш байгууллагуудын хамтын ажиллагаа болон бодитоор хэрэгжүүлсэн. Бичил уурхайчид өөрсдийн талбайгаас гадна эвдрэлд орон орхигдсон 17 сумын 317 га талбайд энэ аргачлалын дагуу техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Энэ ажил цаашид үргэлжлэн манай төсөл, орон нутаг, бичил уурхайн байгууллага гээд хамтрагч талуудын оролцоотой хэрэгжүүлж байна.

-Энэ дашрамд та Тогтвортой бичил уурхай төслийн талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл нь 2005 оноос хойш Монгол Улсад бичил уурхайг зохион байгуулах, албажуулах, байгаль орчинд хал багатай бичил уурхайн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оролцогч талуудын хариуцлагатай бичил уурхайн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж ажиллаж байна. Тогтвортой бичил уурхай төслийн дөрөв дэх үе шат нь эдийн засгийн хувьд тогтвортой, байгаль орчны хариуцлагатай, хүний эрхэд суурилсан Монгол Улсын бичил уурхайн салбар нь бичил уурхайн талаарх олон улсын сайн туршлагаас суралцах, үр шимийг хүртэх, хувь нэмэр оруулах зорилготой юм.

-Бичил уурхайчид улс орны эдийн засагт тодорхой хэмжээний хувь нэмэр оруулдаг, мөн тухайн орон нутагтаа ч шинээр ажлын байр гаргаж байгаа гээд сайн жишээ олон бий байх?

-Бичил уурхайчид бичил уурхай эрхлэн орлого олохоос гадна хоёрдогч орлогын эх үүсвэртэй байх талаар нилээд анхаарч байгаа энэ нь ирээдүйгээ харсан төлөвлөлт юм болов уу, үүний хүрээнд бичил уурхайчдад мэргэжлийн боловсрол олгох, өөр мэргэжил эзэмшүүлэх сургалтуудыг аймгийн МСҮТөвүүдтэй хамтран зохион байгуулж байна. Бид мөн амьжиргааг сайжруулах, чадавхжуулах чиглэлээр бизнесийн сургалт, жижиг бизнес эрхлэх төслийг дэмжиж эхлээд байгаа. 2016 онд 122 бичил уурхайчинд 79,500,000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.

-Танай төсөл анх хэрэгжиж эхлэхэд Монголд "нинжа" гэх нэр жинхэнэ утгаараа газар авч, төр засгийн шүдний өвчин болж байсан байх. Харин өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж, Засгийн газар, харьяа яамд нь анхаарал хандуулдаг болсон?

-Бичил уурхай бол ядуурлаас үүдэлтэй бөгөөд орон нутгийн иргэд амьжиргаагаа залгуулахын тулд алт, нүүрс, хайлуур жонш ба бусад ашигт малтмал олборлодог. Бичил уурхайн салбарт тэгш бус байдал, нийгмийн тусгаарлалт, хүний эрхийн зөрчил гэх мэт олон бэрхшээлүүд тулгардаг.

Төсөл эхэлж байх үетэй харьцуулахад төрөөс бичил уурхайн салбарын эдгээр асуудлыг анхаарч шийдэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийдэг болсон бөгөөд үүний нэг жишээ нь энэхүү журмыг шинэчлэн баталсан явдал юм. Тиймээс Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн зүгээс шинэчилсэн "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” нь Монгол Улсад ядуурлыг бууруулахад дорвитой хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна.

-Ярилцсанд баярлалаа. 

Д. Сарнай

Эх сурвалж: www.dnn.mn

Сэтгэгдэлүүд