Ашигт малтмал, газрын тосны газар, Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл болон аймгийн Засаг даргын тамгын газар хамтран “Аймгийн уул уурхай, бичил уурхайн өнөөгийн байдал цаашдын чиг хандлага” сэдэвт сумдын Засаг дарга, хуулийн мэргэжилтэн, газрын даамал, байгаль хамгаалагч, холбогдох агентлагуудын удирдлага, мэргэжилтнүүд, бичил уурхай эрхлэгчдийн төлөөллүүдийг хамруулан нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдлаа.
Энэхүү зөвлөгөөний зорилго нь тус аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа бичил уурхай эрхлэгчдэд Монгол Улсын Засгийн газраас барьж буй бодлого, холбогдох хууль, журмыг сурталчлах, хэрэгжүүлэх, бичил уурхай эрхлэгчдийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж дэмжлэг үзүүлэхэд оршиж байна.
Тодруулбал: Зөвлөгөөний хүрээнд Бичил уурхайн эрх зүйн орчин буюу Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам болон бичил уурхайн өнөөгийн байдал, бичил уурхайг албажуулахад бичил уурхайчид, бичил уурхайн байгууллагын оролцоо,хамтын ажиллагаа, байгаль орчны нөхөн сэргээлт, тулгамдаж байгаа асуудал, хөдөлмөрийн аюулгүй байдал зэргийг хэлэлцэж зөвлөгөөнд оролцогчдын санал бодлыг сонссон байна.
Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг даргын орлогч, аймгийн бичил уурхайн дэд зөвлөлийн дарга Ш.Хавыл нар оролцож зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ.