АНХААРУУЛГА
2021-12-15

Олон улсын туршлагаас үзвэл Вьетнам, Энэтхэг, АНУ, Швейцар, Япон зэрэг орнуудад 2018-2019 оны хооронд “ICO”  гэх нэрээр олон нийтээс шууд хөрөнгө босгох үзэгдэл дэлгэрч, олон хохирогчтой гэмт хэргүүд багагүй үйлдэгдсэн болох нь тогтоогдож байсан. Харин  Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл батлагдахаас өмнө шинээр койн, токен гаргах этгээдүүд олширч, зөвхөн өөрийн койн/токеныг арилжаалах зорилго бүхий бирж/платформыг бий болгох, үүгээрээ дамжуулан /IEO/, эсхүл “ICO” гэх нэрээр шууд олон нийтээс хөрөнгө босгох үйл ажиллагаа нэмэгдэж байгаа нь хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийг дараах байдлаар хохироох эрсдэлийг улам нэмэгдүүлэх хандлагатай байна. Үүнд:

  • “ICO” гэх нэрээр хөрөнгө босгосон койн/токеныг бусад виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч бирж/платформууд бүртгэхгүй байснаар хоёрдогч зах зээлийн арилжаа хийгдэхгүй байх, улмаар иргэдийн хөрөнгийг тодорхой бус хугацаагаар түгжих;
  • “IЕO” гэх нэрээр хөрөнгө босгосон этгээд койн/токеноо арилжаалах зорилго бүхий бирж/платформыг өөрсдөө ажиллуулна гэж олон нийтэд танилцуулсан боловч тухайн бирж/платформ нь цаашид холбогдох хууль тогтоомжийн шаардлага хангахгүй байх тохиолдолд хоёрдогч зах зээлийн арилжаа хийгдэхгүй байх, улмаар иргэдийн хөрөнгийг тодорхой бус хугацаагаар түгжих;
  • Хөрөнгө босгосон койн/токеныг гаргагч этгээдийн эзэмшиж буй тухайн койн/токены захиран зарцуулалтад одоогоор хэн ч хяналт тавих боломжгүй тул арилжаанд зориудаар нөлөөлөх, зах зээлд хомсдол үүсгэх, нийлүүлэлтийг ихэсгэх зэргээр ханшийг зохиомлоор тогтоох, “хөөсрөл”-ийг бий болгох;
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүйгээс шалтгаалан гэмт хэрэгтний хөрөнгийг нуун далдлах үйл ажиллагаанд ашиглагдах зэрэг өндөр эрсдэлийг үүсгэх боломжтой.

Иймээс иргэд, хөрөнгө оруулагчид аливаа төрлийн койн/токеныг худалдан авах тохиолдолд учирч болох эрсдэлийг урьдчилан тооцоолж байхыг дахин анхааруулж байна.

 Эхийг Frc.mn ээс

Сэтгэгдэлүүд