Алтны бичил уурхайн магадлан шинжилгээ болон КРАФТ Код
2021-08-26

Сургалтад Монгол банк, УУХҮЯ, БОАЖЯ, Санхүүгийн Зохицуулах Хороо, Стандарт, Хэмжил зүйн Газар, Монголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбоо зэрэг байгууллагын төлөөлөл болох 22 (10 эм, 12 эр) хүн оролцов.

Сургалтын үеэр Монгол банкны Эрдэнэсийн сангийн захирал хатагтай П.Эрдэнэтуяа нээлтийн үг хэлж, хариуцлагатай бичил уурхайг төлөвшүүлэн, эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа төвлөрүүлэхийн чухлыг онцолж, КРАФТ Кодын хэрэгжилтийг дэмжихээ илэрхийлэн, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Түүнчлэн сургалтад Санхүүгийн Зохицуулах Хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газар, Үл хөдлөх хөрөнгө зуучлал, Үнэт эдлэлийн зохицуулалтын газрууд бүрэн бүрэлдэхүүнээрээ идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлэн оролцов.

Тус үйл ажиллагааны үеэр АБУЗ-ийн нийлүүлэлтийн сүлжээний мэргэжилтэн Анна Багманн багш магадлан шинжилгээний үүсэл хөгжил, хэрэгцээ шаардлага, КРАФТ Код, КРАФТ стандарт болон тэдгээрийн хэрэгжүүлэлтийн онцлог, арга замууд, алтны гарал үүслийн ач холбогдол, хүний эрх, хүүхдийн эрх, албажуулалт, байгаль орчны хамгаалал, planetGOLD шалгуурын талаар танилцуулга, мэдээлэл хүргэсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид АБУ дахь мөнгөн усны хэрэглээг халах, хүүхдийн эрхийн зөрчлөөс ангид үйл ажиллагаа явуулах, бичил уурхайн албажуулалтыг нэмэгдүүлэх, мөнгө угаах хэргийг зогсоох, урт, дунд, богино хугацааны зохицуулалтын арга хэрэгслийн талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэн, санал бодлоо хуваалцлаа.

Дээрх үйл ажиллагаанд Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг, Сургалт, судалгаа хөгжлийн мэргэжилтэн Р.Түмэндэмбэрэл нар оролцов.

Дараагийн сургалт бичил уурхайчид болон орон нутгийн хамтрагч талуудад хүрэх юм

.

Сэтгэгдэлүүд