Энэхүү гарын авлагыг Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс боловсруулжээ. Уул уурхайн үйл ажиллагаанд тэр дундаа алт олборлоход хууль бусаар натрийн цианид, мөнгөн ус, давсны хүчил, хүхрийн хүчил, азотын хүчил зэрэг хортой бодисууд ихээр хэрэглэгддэг. 2008 онд хийсэн судалгаагаар Сэлэнгэ, Төв, Өмнөговь гэх мэт 11 аймгийн 36 суманд цианит натри, мөнгөн ус тархаж 53,5 га талбайд химийн бодис гамшигт ул мөрөө үлдээснийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас тогтоосон байна. Иймээс хортой химийн бодисын хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг олон нийтэд таниулах, химийн бодисын аюулгүй ажиллагааны зааврыг мөрдүүлэх, түүний хэрэглээг бууруулах зорилгоор тус гарын авлагыг боловсруулсан байна.