Бичил уурхайн салбарыг шууд байхгүй болгох боломжгүй
2021-09-16

Намайг Отгонбаярын Оюунтунгалаг гэдэг. Сэлэнгэ аймгийн Мандал суманд амьдардаг. Би 49 настай, ам бол 4, охин хүү 2 маань гэр бүл болж ач, зээ гээд 10-уулаа болсон. Би 30 настайдаа анх бичил уурхайн салбартай ажил, амьдралаа холбож эхэлсэн. Анх бичил уурхай албажаагүй хууль эрх зүйн зохицуулалтгүй байхад  хүмүүс алтанд явж, амьдралаа залгуулдаг байсан үеэс эхэлсэн. Тэр үед  хөдөлмөрийн аюулгүй байдал, татвар , даатгал гээд ер нь ямар ч зохицуулалтгүй хүн бүр дур дураараа, хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд оролцож, айл бүр мөнгөн ус хэрэглэж алтаа гаргаж авдаг байсан бөгөөд  мөнгөн усыг дэлгүүрийн лангуун дээр ил худалдаалдаг байлаа.

Тухайн үед би барааны зах дээр сууж хүмүүсийн алтыг худалдаж аваад, тэрийгээ дараагийн шатны чэнжид өгөөд дундаас нь тав арван цаасны ашиг хийж эхэлсэн. Ийм байдлаар ХАМО /Хувиараа ашигт малтмал олборлогч/  иргэдтэй харилцаа холбоо тогтоож, тэднийг алтанд явахад нь гарааны хөрөнгө буюу бензин, шатахуун, шуудай, гэрэл, хоол хүнс, бэлэн мөнгө зээлдэг байсан.

ХАМО нар уулнаас буугаад гэр орондоо ирээд, авчирсан алттай чулуугаа төмөр уур нүдүүрээр нүдээд, гар аргаар угааж ялгасан алтаа авчраад өрөө дарна. Дараа явахдаа дахин зээл авна.

Ер нь хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг шууд зогсоох гэж тухайн үеийн төр засгийн зүгээс олон оролдсон. Гэвч хүний амьдралтай шууд холбоотой энэ салбар шууд таслан зогсоох боломжгүй Монгол улсад уул уурхай байгаа цагт тэнд, үйлдвэрлэлийн аргаар олборлоход эдийн засгийн үр ашиггүй үлдэгдэл байсаар байсан. Тиймээс үлдэгдэлийг зүй зохистой ашиглах зохицуулалт  бүхий журмыг  төрөөс баталж өгсөн  нь олон хүний амьдралыг өөрчилсөн. Харин одоо энхүү журмыг илүү нарийн зохицуулалттай болгоод батлагдахаар  энэ салбарт илүү сайн үр дүн бий болно гэдэгт итгэлтэй байдаг.   

Одоогийн мөрдөгдөж байгаа Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 151-р тогтоолоор батлагдсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам гарахаас өмнө алт авахын тулд  Зүүнхараа буюу Мандал суманд нөхөр, 5 настай хүүхэдтэйгээ нүүж ирээд айлын хашаа байшинг түрээсэлж амьдарч байсан.

Өглөө зах дээр сууж алт худалдаж аваад орой нь гэртээ харьдаг, хүүхдүүддээ хоол ундыг нь хийж өгчхөөд авсан алтаа зарахаар гялс вагонд суугаад явна, алтаа зарчхаад эргээд вагоноор буцдаг байлаа. Ийнхүү ирж очин, өдрийн авсан алтаа оройдоо зарж борлуулдаг байлаа. Нэг цэн алтнаас 1500-2000 төгрөгийн ашиг харж зардаг байлаа. Иймэрхүү байдлаар өглөө оройгүй, хагас дутуу нойртой алтны наймаа хийсний хүчинд өнөөдрийн суурийг тавьсан гэж болдог.

Тухайн үед алтны наймаа хийх ч бас хүнд хэцүү ажил, ялангуяа эмэгтэй хүнд эрсдэлтэй ажил байлаа. Олон жилийн дараагаар айлын хажууд амьдарч байсан болохоор ерөөсөө байртай больё гээд 8*8 мк2 харьцаатай палкан хүнсний дэлгүүр худалдаж авсан. Тэрнээс хойш 2004 оны үеэс алтаа дэлгүүртэй авдаг болоод, хотын чэнжүүдэд алтаа худалддаг болсон.

Үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 69 маркийн автомашин худалдаж авсан ба байнгын холбоотой байдаг алт олборлогч нарыг машиндаа суулгаад сумын төвөөс 15-20 км зайн орших алтны шороон орд руу авч явдаг байсан.

Бид маш олон жил өдөр, шөнөгүй өглөөнөөс орой болтол тэнд алт олборлогч нарын үйл ажиллагаанд туслан, олборлосон алтыг нь худалдан авдаг байлаа.  2013 онд МБУНДХ байгуулагдах үеэс хувиараа ашигт малтмал олборлогч иргэд зохион байгуулалтанд орж, хамтран ажиллаж эхэлсэн байдаг.

Мөн алтны үндсэн орд газраас олборлосон хүдрийг боловсруулах зориулалттай хэдэн хэдэн тээрмийн үйлчилгээ бий болж, бичил уурхайчид бигүүн тээрэмд алтаа тээрэмддэг болсон. Тээрмийн үйлчилгээ тухайн үед өмнөх үеэ бодвол мөнгөн усны хэрэглээг халсан хэдий ч, бусад үйлчилгээ дутагдалтай байсан. Тухайлбал олборлолтын үйл ажиллагаанд ядарсан бичил уурхайчид хүйтэн орчинд ус чийгтэй, хоол ундгүй, амрах өрөө байхгүй цехүүдэд үйлчлүүлдэг байсан.  

Бичил уурхайчид гэж хүн шүү дээ, хүнд үзүүлж байгаа үйлчилгээг сайжруулах санаа төрсөнөөр цогц үйлчилгээтэй, тухайлбал амрах өрөөтэй, усанд  ордог, халуун хоол, цайтай, цэвэр орчинтой тээрмийн үйлчилгээ бүхий объектыг байгуулан ашиглалта            д оруулсан.

Бидний сэтгэл шингэсэн тээрмийн цогц үйлчилгээг жишиг болохуйц  хүдэр боловсруулах цех хэмээн гадаад, дотоодын олон  зочид төлөөлөгчид удаа дараа айлчилж, бидний туршлагаас хуваалцсан. Бид сайн туршлагыг бий болгож чадсан. Хамгийн гол нь ядарсан бичил уурхайчид олборлолтын талбайгаас, ажлаасаа бууж ирээд, хүдрээ боловсруулах хооронд цогц үйлчилгээтэй газартай болсон гэж бичил уурхайчид сэтгэл хангалуун байдаг.

Улмаар Буян Жи нэртэй компанийг 2013 онд байгуулж, алтны худалдаа эрхлэн, хүнсний дэлгүүрээ ажиллуулж байгаад, улмаар банкнаас зээл авч зочид буудал, авто угаалгын газар, автомашины сэлбэгийн дэлгүүр, үнэт эдлэлийн дэлгүүр зэрэг үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Бичил уурхайн салбарт ажиллаж байсан олон хүнийг ажлын байртай болгох, тэдний амьдралын түвшинг сайжруулахад дэмжлэг болсон гэж боддог.

Бичил уурхайн салбарыг шууд таслан зогсооно гэж байсан тэр үетэй харилцуулахад олон эерэг нөлөөг нийгэмд авчирсан. Ямарваа нэгэн юмыг сэтгэлээсээ хийх хэрэгтэй, мөн ашиг бодож ажил хийгээд хэрэггүй гэж боддог. Ямарваа ажлыг тултал нь хийгээд хөрөнгөө гаргаад, сэтгэл шингэсэн юм гоё энергитэй байдаг, тэрийгээ дагаад хүн цуглардаг.

Миний зарчим бол хүнд туславал сэтгэлээсээ тусалчихдаг, ажил хийвэл бүх хүчээрээ бүрэн сэтгэлээрээ хийчихдэг. Цуг ажиллаж байгаа миний нөхөр, хүү, хүргэн гээд бид бүгдээрээ бичил уурхайгаар маш олон жил ажиллаж байна. Миний хүү 5 настайгаасаа бичил уурхайн амьдралд орж ирсэн. Уул руу 69 машинаар явахад би элгэндээ наагаад л явдаг байлаа.  Алтыг хүмүүс яаж зовж олборлодог, яаж худалдаж авдаг, яаж хөдөлмөрлөж зовдог талаар мэддэг, хүү охин хоёр маань бичил уурхайн гал халуун цэг дээр өссөн. Одоо миний хүү бичил уурхайн ажлыг гардан, хариуцаж ажиллаж байна.

Хүү маань орчин үеийн шийдлээр цаашид энэ салбарын хууль эрх зүйн орчин  тодорхой, техник технологийн  дэвшлийг ашиглан  байгаль орчиндоо ээлтэй үйл ажиллагааг явуулах  боломжийг төрөөс дэмжин ажиллаасай гэж хүсдэг. Хүний төлөө явж байгаа хүнийг бурхан хардаг юм болов уу гэж боддог. Нэг хүн алтанд явлаа гэхэд тэр хүн өрхийн тэргүүн л байгаа шүү дээ, ард нь эхнэр хүүхэд ээж аав эмээ өвөө гээд тэр хүний орлогыг хүртэж амьдардаг хүмүүс асар их байдаг. Тийм хүмүүсийг зохион байгуулалтад оруулж, уурхайчдыг хууль дүрмээр нь дэмжин ажиллах нь төрөөс иргэдэд  тус болох бодит ажил юм.

Би 20 жил бичил уурхайд ажилласан учир, цаашид энэ салбарыг  илүү их хөгжүүлье гэж бодож, мөрөөдөж байдаг. Гэр бүлээрээ энэ салбараас амьдралаа босгосон, амьдрал минь салшгүй холбоотой учир цаашид, энэ салбартаа цогц үйлчилгээг бий болгох зорилгоор Манлай Мандал нөхөрлөлийг байгуулан, алтны үндсэн орд талбайд ашиглалт явуулах зорилгоор тусгай зөвшөөрөлтэй компаниар тэсэлгээ хийлгэхээр тэсэлгээний агуулах барьж, байгуулан улсын комисст хүлээлгэж өгөөд одоо хяналтын хуудсаа авах шатандаа явж байна.

Энэ бүтээн байгуулалтыг хийхдээ ч мөн адил сэтгэл гарган, бичил уурхайчдын ажиллах орчинг маш сайнаар бүрдүүл, тултал хийсэн, тэр эрчээрээ шинэ ажлаа эхлүүлнэ гэж бодож байгаа. Би МБУНДХ[1]-нд баярлаж явдаг, тэр их гадаадын хөрөнгө оруулалтыг зөв зүйлд зарцуулсан, бид нарыг ойлгодоггүй төр засаг захиргааны хүн бүрд ойлгуулах нөлөөллийн ажлуудыг хийж, бичил уурхайчдыг журамтай болгож өгсөн.

Хэрэв МБУНДХ байгаагүй бол, бичил уурхай эрхлэгч бидний эрхийг хамгаалах байгууллага байхгүй, бид ялгаврлан гадуурхалтанд өртөх байсан. Аль хэдийнээ үйл ажиллагаа явуулж чадахгүй замд нь хаях байсан. ШХА[2] нь МБУНДХ-той хамтран 15 жилийн туршид тасралтгүй бичил уурхайчин болон хууль бус олборлогч нарыг албажуулах, хууль бус олборлолтын үйл ажиллагаанаас үүдсэн сөрөг нөлөөллийг бууруулах, тэдний ялгааг гаргаж, нийгмийн сөрөг хандлагыг өөрчилж, засаг захиргааны байгууллагуудад хүлээн зөвшөөрүүлэх ажлуудыг хийсэн.

Би хувьдаа бичил уурхайн салбарт холбогдож явснаараа бахархдаг. Өдий хэмжээний амьдралыг бүтээж, 20 гаран орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж ажиллаж байгаадаа бахархдаг. Цар тахлын нөхцөл байдал дээрдээд ирэхээр зочид буудлаа нээн ажиллуулах, цаашлаад 5-6 хүнийг ажлын байраар хангах боломжтой.

Одоогоор Авто угаалганд - 4, Авто засвар газарт засварчин-2, авто засварын дэлгүүрт худалдагч-1, алт мөнгөн эдлэлийн дэлгүүр, ломбард-1, бусад нь хүдэр боловсруулах үйлдвэрт, нийт 26 хүнийг ажлын байраар хангасан. Ажлын байрны стандарт шаардлагыг хангасан, сэтгэлээ шингээсэн ажлын байрыг бий болгосон. Нөхөр, охин, хүргэн, хүү, бэргэн гээд гэр бүлээрээ энэ бизнестээ оролцож байгаа. Бид Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн журмын дагуу тусгай зөвшөөрөлтэйгээр алтны худалдаа эрхэлж байгаа. Бид Монголбанкинд алтаа тушаадаг, цаашид алтыг цэвэршүүлээд үнэт эдлэл үйлдвэрлэх, үндэсний брэндийг дэлхийн зах дээлд нийлүүлэхийг хүсч байгаа. Дамжлага шат бага байснаар ард түмэндээ зах зээлийн үнэээс хямдаар үнэт эдлэл санал болгох боломжтой бөгөөд бичил уурхайчид бидний хийж байгаа ажлын үр дүн болно. Бид баяжуулах цэхээрээ дамжсан алтыг хувийн чэнжид өгөлгүйгээр банканд тушаадгаараа давуу талтай.

Цаашид Монгол банк иргэний нэрээр алт тушаалтыг бүртгэх бус бичил уурхайчны нэрээр бүртгэж авч байвал бидний эдийн засагт оруулсан хувь нэмэр тодорхой болно.

Миний өдий дайны явж байгаа нь бичил уурхайтай салшгүй холбоотой. Бичил уурхайг зөв замаар нь хөгжүүлж, дүрэм журамтай болгож, албажуулснаар олон хүмүүс ажлын байраар хангагдаж, олон өрхийн амьдралын чанар дээшлэх болно.

Бичил уурхайн холбогдох дүрэм, журам одоогоор зогсонги байгаатай холбоотой бичил уурхайчдын амьдрал маш хүнд байна. Өмнө нь зохицуулалтгүй байх үедээ шилжих хандлага маш их байна.

Өмнө нь хэцүү байдаг байсан уурхайчид архиа ууна, жоохон алт олохоороо мөнгөө буруу зүйлд зарцуулна. Санхүүгийн анхан шатны боловсролгүй, хуримтлалын талаар ойлголтгүй байдаг байсан. Хамтын хөдөлмөрийн үр шимийг мэддэггүй байсан.

Эмэгтэй хүн бичил уурхайд ажиллах мэдээж хүнд ажил, олборлосон алтаа хувааж авахад бага хувь нь эмэгтэй хүнд хувиарлагддаг байлаа. Эмэгтэй хүн хүч чадлаараа бага ч гэсэн, эрэгтэйчүүдтэйгээ эн зэрэгцэн цай хоол ундыг нь бэлдэж халамжлаад, худалдан авалтууд хийж, өөрийнхөө чадах хэмжээнд ажилд тусалж заримдаа олборлолтын ажилд хүртэл оролцдог.

Манай Монголын эмэгтэйчүүд маш их хичээл зүтгэлтэй зарим нь уурхайд ороод олборлолт хийж байхад, зарим нь хоол ундыг нь хийж байнгын оролцоотой байдаг. Ихэвчлэн өрх толгойлсон эмэгтэйчүүд хүнд хөдөлмөр эрхэлдэг.

Харин бид зохион байгуулалтанд орж, бичил уурхайд хамтын хөдөлмөрийг бий болгосноор хөдөлмөрийн тэгш хуваарилалт хийж, цалин хөлсийг адил хэмжээтэй олгож, нийгмийн даатгал, эрүүл мэнд, хувь хүний орлогын албан татвар төлж, орон нутгийнхаа эдийн засагт хувь нэмэр оруулан, хүлээж авсан газраа нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгөн дараагийн газраа авч ажилладаг.

Цаашид бид бичил уурхайн салбараас олсон орлогоороо хуримтлал бий болгож нөхөрлөлийн гишүүдийнхээ өрхийн бизнесийг хөгжүүлэхэд дэмжлэг болон ажиллах болно.

 

[1] Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо

[2] Швецарын хөгжлийн агентлаг

Сэтгэгдэлүүд