2017 он уул уурхайн салбарт
2018-02-06

Нүүрснээс авсан сургамж  


Арвандолоон он Монголын нүүрсний экспортод таамаглаагүй өрнөл дагуулав. Оны эхээр хамгийн тааруу үзүүлэлттэй түүхий эдийн жагсаалтыг коксжих нүүрс тэргүүлж байлаа. Гэвч урьдчилан таах аргагүй үнийн өсөлт тохиосон нь Монголын коксжих нүүрс экспортлогчдод түрийвчээ зузаатгах дохио өгсөн юм.  

Гуравдугаар сарын сүүлээр Австралийн нүүрсний гол муж Квийнслэндийг дайрсан хар салхи нүүрс тээвэрлэлтийн сүлжээг нь эвдэлж орхисон. Үр дагаварт нь коксжих нүүрсний үнэ түүхэн рекорд цэгтээ хүрэв. Сүүлийн 15 жилд 300 ам.доллар давж үнэ хадсан дөрөв дэх тохиолдол юм. Квийнслэндэд асуудал гарч, Хятадад эрэлт өссөнөөс бүгд улбаатай. Энэ нь Монголын коксжих нүүрс экспортлогчдын хувьд аз, од гийсэн хэрэг болдог. Австралийн нийлүүлэлт багасах бүрт орон зайд нь Монголын нүүрсний бизнесийнхэн нөхөн орж ирдгийг 2011, 2015, 2016, 2017 оны манай улсын нүүрсний экспортын өсөлтөөс харж болно.

Хэдий 300 ам.долларын үнэ сар хүрэхгүй хугацаанд тогтсон ч Хятадын гангийн зах зээл, дотоодын бодлого зохицуулалттай холбоотойгоор үнийн хувьд харьцангуй өсөлттэй тунчиг аятайхан жил үргэлжлээд өндөрлөж байна. Зах зээлийн алтан боломж тохионгуут Монголын нүүрсний бизнесийнхэн экспортоо тултал хийж эхэлсэн. Үр дүнд нь төсөөлж таамаглаагүй өсөлт гарч, хямарсан эдийн засагт гэрэл тусав.

Нүүрсний салбар гайхалтай сайхан ирээдүй төсөөлж байлаа. “Байлаа” гэсэн нь гайхамшиг ганц л улирал үргэлжилсэнд байгаа юм. Нүүрсний экспортын гялалзсан үзүүлэлт долдугаар сард навсайтал унаж, өмнөх сарынхаа экспортын 50%-ийг ч хийж чадаагүй. Бидний тооцоолоогүй бэрхшээл гарч ирсэн юм. Энэ бол өмнөд хөршөөс шууд хамааралтай эдийн засгийн нөхцөл. Монгол орны хувьд улс төрийн бэрхшээл ч гэж харж болно.

Боомтын нэвтрэлт “шалтгаангүй” удааширсантай холбоотойгоор өсөлтийн мөчлөгийг ашиглах гэсэн нүүрсний компаниудын шаргуу хөдөлмөр хилийн боомт чиглэсэн зам дээр уртаас урт сунжирсан дараалал болон хувирав. Нүүрс тээврийн машины жолооч нар зам дээр олон хоногийг төөрүүлдэг болж, дагаад том жижиг асуудлууд ундарсан. Өдгөө ч тэнд байдал сайжирсангүй. Гаалиар нэвтрэх үйл явц удааширсан нь зөвхөн Гашуунсухайтад хамаатай байгаагүй. Шивээхүрэн зэрэг бусад боомтод ч нэвтрэлт удааширсан ба нүүрсний экспортын 60 гаруй хувийг дангаар хангадаг Гашуунсухайт дээр байдал илүү хүндэрсэн юм. Монголын нүүрснийхэн ашиг олсон гурван сарын дараах үлдсэн бүх хугацаанд алдагдсан боломжийн араас харамсал тээсэн билээ.

Долдугаар сараас хойш л манай дарга нар (яамны сайд, дэд сайд гээд үргэлжилнэ) Хятадын Элчин сайдтай уулзаж, боомтын нэвтрэлтийг сайжруулж өгөөч гэж гуйсан юм. Гадаад харилцааны яамаар дамжуулан зөндөө их бичиг цаас явуулсан гэсэн. Асуудлыг судлаад, нааштай шийднэ гэсэн “гоё хариулт”-аар бүтэн зургаан сар сонорыг нь мялаасан билээ. Хамгийн сүүлд Хятадад айлчилсан Д.Цогтбаатар сайд бас л тийм хариу аваад ирлээ. Монголын дарга нар байдгаараа л хичээж байна. Байсхийгээд л хуралдан, компаниудад квот тогтоох, тээвэрлэлтийг түр зогсоох, бүр шороон замаар ч тээвэрлэнэ гэх шиг “ухаантай” шийдвэрүүд гаргаад үр дүн, ахиц гараагүйг та бид бүгдээрээ мэднэ.    
      
Тохиолдлоор уу, санамсаргүй юу, нүүрсний экспорт болон үнийн өсөлттэй давхцан цор ганц зах зээлээс маань “гэнэтийн бэлэг” ирдэг болоод байх шиг. Сүүлийн хоёр жилд зах зээл сэргэхтэй зэрэгцэн Монголын коксжих нүүрсний салбарынхан овоо өндийх нь үү гэх үед ямар нэг байдлаар экспортын зохиомол бэрхшээл үүсч иржээ.
2016 оны арваннэгдүгээр сард Хятад улс Монголтой холбогддог бүх боомтоороо орж ирсэн бараанд хураамж ногдуулахаар шийдвэрлэснээ мэдэгдэж тэвдүүлснийг санаж байгаа бизээ. Хилээр нэвтэрч буй нүүрсний тонн тутамд дунджаар 3 юанийн нэмэлт ачаалал, зэсийн баяжмалаас үнийн дүнгийн 0.2%-тай тэнцэх төлбөр хураамж авахаас гадна цайр, төмрийн хүдэр, жонш зэрэг түүхий эд, бусад бүх бараанд тодорхой хэмжээний төлбөр төлөхөөр байв. Экспорт өсөхийн хэрээр нэмэлт ачаалал үүснэ гэсэн үг. 
 
2016 оны сүүлийн хагаст Монголын нүүрс экспортлогчид тун ч азтай байсан юм. Нүүрсний үнийн өсөлтийн оргил мөчлөгтэй давхцан дээрх шийдвэр гарсан байдаг. Улмаар “Эрдэнэс Тавантолгой” нүүрсний худалдааны үнээ 50 ам.долларт хүргэхээр болсноо мэдээлсэн өдөр Ганцмодны боомтоор нэвтрэх бараанд хураамж ногдуулах мэдэгдэл гарч байв. Тохиолдол гэхэд хэцүү. Урд хөршийн холбогдох албаныхан боомтын шинэчлэлтэй холбон тайлбарласан ч Далай ламын айлчлалтай холбоотойгоор хятадууд ийм шийдвэр гаргалаа гэх хардлагыг хэвлэлүүд, зарим судлаачид дэвшүүлж байлаа. Хүчээр холбох гээгүй ч цаг хугацааны дарааллын хувьд үйл явдал ингэж өрнөсөн. Гэнэтийн зарим зохицуулалтууд цаашид ч давтагдахгүй гэх газаргүй юм.

2017 оны сургамж нь нүүрсний салбараа, экспортоо шинээр харах дохиог бидэнд өгч байна. Ялангуяа гаргасан хэмжээгээр маань худалдан аваад байхгүй юм байна гэдгийг сая л яс махаараа мэдэрч байгаа тохиолдолд.   
“Фэнвэй энержи”-гийн дэд ерөнхийлөгч The Mongolian Mining Journal-д есдүгээр сард өгсөн ярилцлагадаа “Хятадын Засгийн газраас нүүрсний дотоодын нийлүүлэлтийг шинэчлэхтэй холбоотойгоор нүүрсний импортыг хэт ихээр нэмэгдүүлэхгүй байх бодлогын хүрээнд хойд боомтууд дээрээ (Хойд хилийн боомт гэдэгт Монголын өмнөд боомтууд бүхэлдээ хамаарч байгаа) нүүрсний импортын хязгаарлалт, хориг тавьж байгаа”-г танилцуулсан.
Өмнөд хөршийн хэрэглээндээ шүтсэн бодлого, дотоодын олборлогчдодоо дэмжлэг болох зорилтууд Хятадын Монголын талаас авах нүүрсний импортыг бууруулах нь гарцаагүй. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулахтай уялдсан шийдвэрүүд дамаа Монголын нүүрсний экспорттой уялдаж таарна. 

Ийм нөхцөлд гол зах зээлдээ байр сууриа хадгалж үлдэх нь монголчуудын хувьд тулгараад байгаа хамгийн том бэрхшээл юм. Тодруулж хэлбэл, Хятадын зах зээлд нийлүүлэлтийн найдвартай сүлжээ бий болгох, экспортын орон зай, тогтвортой байдлаа хангах нь ухаалаг бодлого шаардаж эхлэв. Түүхий эдийн экспортоос хэт хамааралтай эдийн засагт асуудлаа эрэмбэлвэл энэ нь нэг номерт тавигдана. Санаачилгыг Төр, Засгийн тэргүүнүүд гартаа авах цаг юм.   

Уул уурхайн хуулийн сураг

Уул уурхайн хуультай болох хэлэлцүүлэг эхлэв. Ач холбогдлын хувьд Ашигт малтмалын хуулиас дутахгүй чухал төсөл юм. Ашигт малтмалын хууль салбарын асуудлыг бүхэлд нь зохицуулаагүйгээс маш их хийдэл гардаг. Уул уурхайн мөчлөгийг алхам бүрээр нь хуульчлаагүйтэй холбоотой ойлгомжгүй байдлууд салбарын хөгжлийг тушиж байгаа нь Уул уурхайн процессийн хуулийг хийх маргахын аргагүй үндэслэл юм. 

Хуулийн төсөл дээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ажлын хэсэг гардан суусан. 14 бүлэгтэй, 72 хуудас нүсэр хуулийн төсөлд салбарын өөрийн зохицуулалт, мэргэшсэн тогтолцоо, хаалтын дүрэм зэрэг реформын чанартай өөрчлөлтийг шингээснээрээ ТЭЗҮ, БОНБҮ зэрэг нь хариуцлагатай байхаас аргагүй, тэр бүгдэд мэргэжлийн хүн зайлшгүй ажиллахаас аргагүй байдал руу шахаж байгаа юм. Уурхайн бүхий л үе шатанд мэргэжлийн ажлыг мэргэжлийн хүмүүс хийж, хариуцлагаа ч давхар үүрэх зохицуулалт бий болно гэсэн үг.

Санал авах үйл явц бүтэн жил өрнөж байна. Салбарын зохицуулалтыг ахьсан түвшинд гаргасан, уул уурхайн компаниудын хөгжлийг дэмжсэн, уул уурхайн салбараас Монгол улсад орох үр өгөөжийг дэмжсэн өндөр түвшний зохицуулалт болж чадвал, түүн дээр салбарынхан эвлэж нэгдэж чадвал арваннайман онд Уул уурхайн хуультай болох байх.  

Уул уурхайнхан үнэн чанартаа эрхзүйн орчны тогтвортой байдлыг улиг болтол ярьж, шинэ салхи сэвэлзүүлэхээс ихээхэн болгоомжилж дөлдөг улс. Гэвч болгоомжилж цэнэхийн хэрээр салбарын гол хуульд хуруу дүрэх нь хэмээс хэтэрдэг бололтой.  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам дээр цугларсан баримтаар Ашигт малтмалын хуулийг 2006 онд шинэчлэн найруулснаас хойш 30 гаруй удаа гар дүрч, 300 орчим зүйл, заалтад өөрчлөлт оруулжээ. Үүнээс 2010, 2014, 2017 оны 3 удаагийн зарчмын өөрчлөлт салбарын яамд хаяглагдана гэхээр салбарынхаа дүрмийг өөрсдөө тогтоодоггүй, оролцдоггүй гээд хэлчихэд хилсдүүлчихээргүй харагдана.    

“Алт-2” хөтөлбөрийн ирээдүй  

Монгол улсын Засгийн газраас “Алт-2” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх тогтоолыг нэгдүгээр сарын 18-нд баталсан юм. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх зорилготой. Хөтөлбөрийг хоёр үе шатаар 2020 он хүртэл хэрэгжүүлнэ. Үр дүнд нь жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх боломжтой гэж зорьж байгаа. Өнгөрсөн хугацаанд хэрэгжиж ирсэн “Алт” хөтөлбөрүүд өөр өөрийн үр дүнг үзүүлсэн билээ. 1991-1996 онд хэрэгжүүлсэн “Алт-1” хөтөлбөр хөрөнгө оруулалт татаж чадсаны үр дүнд алтны жилийн олборлолтыг 700 кг-аас 11 тоннд хүргэж, шороон ордуудыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулсан. Гэхдээ нөхөн сэргээлт, байгаль хамгааллыг тэр чигт нь орхигдуулсан нь уул уурхайн салбарын нэр хүнд шалдаа буухад асар том хувь нэмэр оруулсан юм.  

Харин 1997-2000 онд хэрэгжсэн “Алт-2” хөтөлбөрийн үед алтны нийт олборлолт анх удаа 24.1 тонн хүрч, үүний 40 гаруй хувийг алтны үндсэн ордоос олборложээ. Яах аргагүй алтны үйлдвэрлэлийн шинэ хөгжлийн үе юм. Гэхдээ  сайн муугаараа дуудуулсан гэнэтийн ашгийн татвар, “Урт нэртэй” хуулийн үйлчлэл энэ салбарыг доголдуулж, дампуурлын ирмэг рүү түлхсэн. 2014 оноос алтны салбар ерөнхийдөө эерэг дүр зурагтай болсон нь хууль эрх зүйн олон шинэлэг өөрчлөлт, тэр тусмаа алтны далд эдийн засаг ил болж, Монголбанкинд алт тушаалт нэмэгдсэн нь алтны роялтиг 2.5 болгосонтой холбоотой.

Харин 2017-2020 онд хэрэгжих “Алт-2” хөтөлбөр зорьсон үр дүндээ хүрэх нь тун ч эргэлзээтэй. Жилийн эхний хагаст тун ч эрчтэй эхэлсэн хөтөлбөр баталсан Засгийн газартайгаа хамт уначихсан аятай үлбийчихээд байна. Алтны шороон ордын нөөц багасч байгаатай уялдуулан үндсэн ордуудын ашиглалтыг “Алт-2” эрчимжүүлнэ гэсэн. Олборлолтыг үндсэн болон алт агуулсан бусад металын ордуудыг ашиглах замаар нэмэгдүүлэх боломж өндөр гэж үзсэн юм. Олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд алт олборлогчдод санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх, алтны олборлолтыг дэмжих тусгай зориулалттай талбайн бүсийн судалгаа хийх,  Монгол орны алтны хэтийн төлөвийг үнэлэх, алтны эрэл-үнэлгээний сэдэвчилсэн судалгааны ажлыг улсын төсвөөс санхүүжүүлэх зэрэг зорилтууд бүгд цаасан дээр.

Хөтөлбөр батлагдлаа гээд алтны салбарт энэ нэгэн жил ямар ч өөрчлөлт, ахиц дэвшлийг авчирсангүй. Монголбанк арваннэгдүгээр сарын байдлаар 19.1 тонн алт худалдан авсан нь жилийн худалдан авалтын түүхэн дээд амжилт боловч “Алт-2” хөтөлбөрт огтхон ч  падлийгүй юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас алтыг дэлхийн зах зээлийн үнээр худалдан авах болсон нь алт тушаалтад гол идэвхжил үзүүлсэн хэрэг. 

Дээрээс нь Ерөнхийлөгч Х.Баттулга “Шинээр алтны хайгуулын болон ашиглалтын лиценз олгохыг зогсоож, энэ салбарт төрийн эрх мэдлийг тогтоон, алт олборлогчдод бүх алтаа зөвхөн Монгол банкинд тушааж байх хатуу болзлыг тулгахгүй бол Монголын баялаг монголчууддаа өгөөж өгөлгүйгээр гадагшаа урссаар байна, монголчууд баялгийнхаа эзэн нь бус хохирогч нь болж үлдсээр л байх болно. Би ийм хуулийн өөрчлөлтийг удахгүй УИХ-д өргөн барина” гэсэн нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь бүү хэл ирээдүйнх нь зурлагыг зурчих шиг боллоо.

Монголын “Алт” хөтөлбөрүүдийн түүх бол алтны зах зээлийг чөлөөтэй болгосноор олборлолтыг эрс нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн түвшингээ шинэ шатанд гаргасан түүх юм. Геологи хайгуулын ажлаа эрчимжүүлэн, алт олборлолтыг дэмжих хүрээнд хууль дүрэмдээ өөрчлөлт оруулан, гадна дотно гэж ялгаварлалгүйгээр уул уурхайн компаниуд ба хөрөнгө оруулагчдад хаалгаа нээсэн он жилүүд юм. Дурын компани, хувь хүнд хүссэнээ олборлох лицензийг чөлөөтэй олгосон эрх чөлөө юм. Завсар нь дүрмээ өөрчлөн бужигнуулж, араас нь засч залруулахыг хичээсэн алдаа онооны сургамж юм.

Харин “Алт-2” нэртэй гурав дахь хөтөлбөрийн хувьд Ерөнхийлөгчийн санаачлах “эх оронч” хуулиар нас нь дуусах хувь заяа хүлээж байх шиг байна. Түүний хэлсэн “Алтны салбарт Төр онцгой бодлого хэрэгжүүлэх, хяналтаа тогтоох шаардлага” нь гадныхныг, хувийн хэвшлийг үзэн ядсан дотогш чиглэсэн бодлого болон уншигдав. Дагаад алтны салбарт нэн ойлгомжгүй олон асуултын тэмдэг тавив.
Н. Ариунтуяа
Mongolian Mining Journal
Сэтгэгдэлүүд