Бичил уурхай эрхлэгчдийг дэмжих төрийн бодлого хэрэгжиж эхэллээ.
2017-06-09

Монгол Улсын Засгийн газраас "Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол батлахаар батлаад байгаа билээ. Хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсгийг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулан байгуулсан юм.

Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх зорилт тавиад байгаа юм. Монголбанкны хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 2014 онд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг 2.5 болгосноор алт олборлогчид нинжад бус Монголбанкинд алтаа тушаах нь эрс нэмэгдэж, 2016 оны оны сүүлийн мэдээгээр 18.3 тонн хүрч дээд амжилт тогтоогоод байгаа юм.

Гар аргаар алт олборлогч иргэд ч Төв банкинд алтаа тушаах боломжтой бөгөөд алтыг нь граммаар хэмжиж, улмаар иргэний үнэмлэх, харилцах банкны данс байхад иргэдийн дансанд мөнгийг нь өдөртөө багтаагаад шилжүүлэх боломжтой юм. Бичил уурхай эрхлэгчид болон гар аргаар алт олборлож буй иргэдийн хувьд зардлын хямдыг бодож, олборлосон газартаа нинжа нарт алтаа хямд үнээр өгдөг нь нууц биш.

Тэгвэл Монголбанк “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд орон нутагт салбараа байгуулж, сорьцийн лаборатори байгуулан иргэдийн гарт байгаа алтыг худалдан авахаар төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ. Одоогоор Төв аймгийн Заамар, Баянхонгор аймагт байгуулагдахаар төлөвлөгөө гараад байгааг Төв банкны эх сурвалж дуулгалаа. Ингэснээр бичил уурхайн эрхлэгчид буюу гар аргаар алт олборлож буй иргэд ченжийн гарт хямд үнээр өгөх, эс бөгөөс хууль бусаар хил давуулах гэж оролдон зөрчил гаргасан хэргээр алтаа улсын орлого болгох зэрэг бэрхшээлтэй асуудлаас ангижирна гэж үзэж байгаа юм.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж, геологийн эрэл хайгуулын ажлын үр дүнд Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэх боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа билээ. Сорьцийн лаборатори байгуулахад ойролцоогоор 850 сая төгрөг орно гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Сорьцийн лаборатори байгуулагдсанаар бичил уурхай эрхлэгчид хууль ёсны дагуу ченжид цэнгээр биш граммаар, өндөр үнээр алтаа өгөх боломжтой юм.

http://www.mminfo.mn/news/view/11465

Сэтгэгдэлүүд