Цооногийн “болжмор, хархнууд”
2017-06-09

Уранхай бүрээстэй, тоосонд дарагдсан бор гэрүүд. Бөмбөгдсөн мэт энд тэнд харлах нүхнүүд. Уур савсах овоолго дээгүүр хүүхэд, эмэгтэйчүүд уут, шуудай барин гүйлдэнэ. Нүүр ам нь халтартаж, хир даг болсон хүрэмтэй эрчүүд амсхийх завгүй ажиллах аж. Хажууханд нь ганган жийп, бас хэдэн машин байна.
Нэлээд хэдэн хүн кино үзэж буй мэт өнөөх халтар царайтуудыг харж зогсоно. Дайн, байлдаантай кинонд гардаг шиг дүр зургийг нийслэлийн Налайх дүүргийн III хорооны нутаг дэвсгэрээс харлаа. Ийм байдалтай болоод удсан гэнэ. Гар аргаар нүүрс олборлогчид энэ газрыг сүйтгэжээ.

Уурхайчин Г.Дашхүү “Ах нь 20 орчим жил уурхайд ажиллаж байна. Манай энд ажил бараг олдохгүй. Тиймээс эр, эмгүй уурхайгаас хоолоо олж байна” гэж ярив. Түүнтэй адил олон жил уурхайд ажилласан хүн цөөнгүй таарав. Сүүлийн жилүүдэд цооногийг суурьшлын бүсэд тултал ухаж буй талаар тэд ярьсан. Уурхайчин Баатар “Дөрвөн жилийн өмнө суурьшлын бүсийн дэргэд цооног ухаж эхэлсэн. Түүнээс хойш төмөр замаа битүүмжилсэн юм. Доогуур нь ухаж, цооног гаргасан гэж ярьдаг. Газар цөмөрч, айлын гэр нурж байсан удаатай” гэв.

Уул уурхайн аврах ангийнхан энэ талаар “Цооногийг суурьшлын бүсэд тултал ухсан байж болзошгүй гэсэн таамгийг бид дэвшүүлсэн. Одоогоор хэмжилт хийгээгүй байна. Хүмүүс цооног ухаад яг нүүрс олборлож байгаа хэсгээ маш том талбайтай болгосон байдаг. Цаашид нүүрсний гарцыг дагаж ухсаар байх учир эрсдэл улам нэмэгдэнэ. Бид Засгийн газрын 308 дугаар тогтоолын дагуу арга хэмжээ авдаг ч нүүрсний уурхайд уг журмыг хэрэгжүүлэх боломж хомс. Жонш зэрэг ашигт малтмалын уурхайд л боломжтой. Тэгэхээр аюулгүй ажиллагаа талаасаа авцалдахгүй байгаа нь анзаарагддаг” гэж тайлбарлалаа.

НАЛАЙХЫНХНЫ АВРАЛ НЬ ТЕХНОЛОГИЙН ПАРК БОЛЖЭЭ

Тус дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Уурхайг хаах боломжгүй. 2013 онд нэг удаа хаасан. Тэр үед дэлгүүрүүд хаалгаа барьж, иргэд хоолгүй хонох болсон. Тиймээс уурхайг нэгдсэн зохион байгуулалтад оруулах шаардлагатай. Одоогийн байдлаар 1000 гаруй хүн уурхайд ажиллаж байна. Тэдний 70 орчим хувь нь орон нутгийнх. Бид өнгөрсөн нэгдүгээр сард уурхайчдыг бичил уурхайн хэлбэрт шилжүүлж, эрх зүйн орчныг бий болгох ажил эхлүүлсэн. Зөвшөөрөлтэй уурхайн компаниудтай хамтран ажилласнаар осол буурч, хүний амь эрсдэхгүй. Тэгэхгүй бол дүүргийн иргэд баталгаагүй орчинд ажиллаж байна. Хэрэв дүүрэгт Барилгын материалын үйлдвэр, технологийн парк ашиглалтад орвол 1500-2000 хүн ажилтай болно. Паркийн шавыг тавьсан ч хөрөнгө мөнгөний гачигдлаас болоод ажил нь эхлээгүй байна” гэв.

Цаг агаар дулаарахаар дүүргийн Тоосгоны үйлдвэрийн ажил эхэлдэг байна. Дээрээс нь тус дүүрэг шар шороо, элс зэрэг барилгын материалын нөөцтэй. Иргэн Л.Шүрэнчимэг “Би жижиг дэлгүүр ажиллуулж, долоон хүн тэжээж байна. Тэдний дөрөв нь эрэгтэй. Гурав нь хорь гаруй настай. Хүүхдүүдээ уурхайд ажиллуулах зориг алга. Яриад байгаа парк ашиглалтад орвол тэд минь ажилтай болно” гээд санаа алдав.

Хууль бусаар уурхайд ажиллаж, амь насаа алдах явдал олширч байгаа учир дүүргийн удирдлагууд жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжих чиглэл барьж буй гэнэ. Тус дүүрэг казах иргэн олонтой. Тиймээс каз хийдэг хоёр үйлдвэр бий аж. Хэдэн жилийн өмнө туркчүүд үүнийг нь экспортлох хүсэлт тавьж байжээ. Гэвч тэдний эрэлтийг хангах хэмжээгээр үйлдвэрлэж чадахгүй учир төслийн ажил зогсчээ. Мөн Налайхад арьс, шир боловсруулах үйлдвэр байгуулах тухай санал ч гарч байна.

Энэ бүгдийг одоогийн удирдлагууд судлах гэнэ. Тус дүүргийн Засаг даргын Үйлдвэр, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч С.Тунгалаг “Манай дүүрэг нийслэлтэй ойрхон, дэд бүтэцтэй учир үйлдвэрлэл хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой. Манайд төрийн байгууллагаас өөр ажлын байр байхгүй. Тиймээс иргэд хууль бусаар нүүрс олборлодог. Уг нь манай иргэд гар урлал хийх, хүнсний ногоо тарих чиглэлээр ажиллах сонирхолтой.

Мөн олон айл өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг. Гэвч борлуулалт байхгүй учир бие дааж чадахгүй байна. Бид жижиг, дунд үйлдвэрлэл, бичил бизнесийн сургалт хангалттай явуулдаг. Хүмүүс ч идэвхтэй хамрагддаг. “Нарантуул” худалдааны төвийн дээл, хувцас зардаг хүмүүсийн олонх нь манай дүүргийнх. Үүнийг цааш нь зохион байгуулалтад оруулах нь л чухал” хэмээн, уурхайгаас өөр газарт хүмүүсийг ажиллуулах боломжтойг онцоллоо.

“Цагаан сараас хойш хүмүүс нүүрс авахгүй шүү дээ. Түүнээс урьтаж хэдэн төгрөг олохын тулд бид шөнө ч ажиллаж байгаа” хэмээн уурхайчид ярьсан. Уурхайгаас өөр орлогын эх үүсвэргүй тус дүүргийн иргэд өөр ажлын байртай болтлоо энд ажилласаар байх болно гэдгээ хэлж байв.

Ийм нэгэн амьдрал нийслэлийн хаяанд буцалж байна. Тэндхийн “болжмор, хархнууд”-ыг хэзээ баталгаат амьдралтай болгох юм бол. Энэ бол та бүгдийн хийх ажил шүү дээ, эрхэм төрийн түшээд ээ.

http://unuudur.mn/article/94622

Сэтгэгдэлүүд