Төслийн баг Дундговь аймагт томилолтоор ажиллалаа
2017-03-27

Тогтвортой бичил уурхай төслийн баг Дундговь аймгийн Хулд суманд 2 өдрийн турш томилолтоор ажиллалаа. Томилолтын үеэр аймгийн ба сумын засаг дарга нар болон бусад холбогдох мэргэжилтнүүд, бичил уурхайчилтай уулзалт зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газрын 308 дугаар журамын дагуу Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тус аймаг дахь бичил уурхайн үйл ажиллагааны зохицуулалтыг баталлаа. Түүнчлэн Хулд сумын засаг дарга хоёр бичил уурхайн нөхөрлөлд нийт 252 уурхайчдыг сумын төвөөс 10 орчим км-ын зайд байрлах “Түймэрт цагаан” жоншийн талбарт ажиллахыг зөвшөөрөн гэрээ байгуулав.

Мөн тус баг Хулд сумын төвд орших таван эмэгтэй гишүүн бүхий “Тахилгат лусын булаг” бичил уурхайн ТББ-ын оёдлын цехээр зочилсон юм. Тус ТББ нь 2016 онд Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын хөтөлбөрийн шугамаар Тогтвортой бичил уурхай төслөөс жижиг хэмжээний санхүүжилт авч ийнхүү таван ажлын байрыг суманд бий болгож, Монгол үндэсний хувцас дээл урлан завгүй ажиллах боломжийг бий болгосон юм. Түүнчлэн гишүүд бага орлоготой бичил уурхайчдад амьжиргаанд их нэмэр болж өгдөг хадгаламжийн бүлгийг амжилттай удирдан зохион байгуулж байна.

Тус аймагт бичил уурхайн жоншны үйл ажиллагааг 2016 оны 12 дугаар сараас хойш идэвхтэй явуулж байгаа юм. Жонш олборлодог сумдад тулгараад буй гол асуудал нь худалдан авагч компаниудын сонгох явдал байдаг байна. Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тус аймагт бичил уурхайн үйл ажиллагаа, тэр дундаа бичил уурхайчдын олборлосон жоншийг худалдаалах тухай зохицуулалтыг баталлаа. Аймгийн Засаг даргын тамгын газраас Хулд сумын бичил уурхайчдын олборлосон жоншийг гурвалсан гэрээний үндсэн дээр худалдан авах нийт дөрвөн компанийг сонгосон. Ийнхүү Дундговь аймгийн Засаг даргын тамгийн газар бичил уурхайчдыг эрх тэгш ашиг хүртэх боломжоор ханган ажиллаж байна. Жоншийг олборлоход том хэмжээний тоног төхөөрөмж шаардагдах бөгөөд уулнаас жоншийг ухаж гаргасны дараа талбарлуу зөөвөрлөхөд бичил уурхайчид цуглардаг байна. Сумын засаг дарга, бичил уурхайн нөхөрлөл, жонш худалдан авагч компанийн гурвалсан гэрээний улмаас бичил уурхайн олборлолт ба худалдан авалт идэвхтэй байна.

Сэтгэгдэлүүд